2022.12.01
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Ерөнхий прокурорын ангилал зэрэглэлийн өөрчлөлтийг тодруулж өгнө үү?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.01\ нэгдсэн хуралдаанаар Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Нэг асуулт, нэг санал байна. Төрийн өндөр албан тушаалтан, түүнтэй адилтгах албан тушаалтныг ангилах, зэрэглэх тухай асуудлыг олон жил хариуцан ажиллаж байсны хувьд гадарлаж байна. Ерөнхий прокурор хуучин ТӨ-3 байсныг яагаад ТӨ-4 болгон зэрэглэлийг буулгав.
Төрийн байгууллага болон төрийн албан тушаалтнуудад ижил тэгш хандах ёстой гэдэг зарчмыг миний хувиас байнга ярьдаг. Шүүхийн болон цэцийн тамгын дарга нарыг төрийн өндөр албан тушаалтан түүнтэй адилтгах албан тушаалтны ангилал, зэрэглэлд оруулчихсан юм. Үүнийг тухайн үед эсэргүүцэж байсан хүний нэг нь би. Нэгэнт шүүхийн дарга нарыг өндөр албан тушаалтын ангилал зэрэглэлд оруулаад байгаа бол, прокурорын тамгын газрын дарга нарыг адилтган оруулах ёстой гэсэн байр суурьтай байна.
Прокурорын ангилал зэрэглэлийн асуудлыг шинэчилж байгаа бол шүүхийн, болон цэцийн тамгын дарга нартайгаа адилтгаад прокурорын тамгын даргыг ч гэсэн ангилал зэрэглэлд Байнгын хороо оруулаад ирж болоогүй юм уу?
Бид төрийн байгууллагуудаа хоёр өөр нүдээр хараад байж болохгүй шүү дээ. Нэг л зарчим барих ёстой. Цаашид энэ тогтоол хэлэлцүүлгийнхээ явцад ангилал зэрэглэлийнхээ асуудалд оруулах боломж байна уу. Үүн дээр хариулт өгнө үү?
Түүний асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хариулт өглөө