2022.06.03
C.Ганбаатар: Төр хувийн хэвшлийнхэнтэй эн тэнцүү түншлэх ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.03\ нэгдсэн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Ажилгүйдэл, ядуурал дээд цэгтээ туллаа. Үнийн өсөлт ихэслээ. Үүнийг засаж, сайжруулах гэж орж ирж байгаа хууль сайн хууль. Энэ үед хувийн хэвшлийнхний урам, зориг төр засагт их хугарсан. Үүнийг засах гэж энэ хууль орж ирж байна. Энэ хуулийн үзэл баримтлалын үндэслэл Үндсэн хуулийн 5.4 буюу “Төр нь улсын эдийн засгийн аюулгүй байдлын төлөө эдийн засгийг зохицуулна” гэж заасантай анх удаа зохицолдож орох гэж байгаа гэж ойлгож байна.
Энэ хууль гарснаас хойш барих, шилжүүлэх тал дээр 25,5 их наяд төгрөгийг цацсан. 8,9 тэрбум доллар үр дүнгүй байгаа. Үүнийг үр дүнтэй болгохын тулд хамгийн түрүүнд төр хувийн хэвшлийнхэнтэй эн тэнцүү түншлэх ёстой. Хувийн хэвшлийнхэнтэй түншилж байгаа заалтууд хаана байна вэ? Төр 2,5 их наяд төгрөгөө зарцуулах эрх мэдлээ баталгаажуулаад байгаа юм биш үү.
Барих шилжүүлэхээс бусад концессын төслүүд удаан хэрэгжихгүй байгаа. Шалтгаан нь орон нутгийн байгууллагууд, иргэдээс холбогдох зөвшөөрөл олгохгүй байгаа нь. Орон нутгийн байгууллагууд иргэдтэйгээ яаж холбогдож, зохицуулж байгааг тодруулах хэрэгтэй. Энэ бол хэний мөнгөөр, хэнд, хэнээр зохион байгуулалт хийх гээд байгааг мартаж болохгүй. Төрийн мөнгөөр төр өөртөө зохион байгуулалт хийх биш, ард иргэдийн мөнгөөр ард иргэдэд хувийн хэвшлийнхнээр зохион байгуулалт хийх гэж байгаа. Тэдний оролцоо хаана байгаа вэ?
5.1.17-оос 19.6 хүртэл 14 заалтад төслийн урьдчилсан үнэлгээ гэдэг үг орсон байна. Нэр томьёоны тодорхойлолтод алга. Төслийн урьдчилсан үнэлгээ, судалгааны үед ард иргэд, иргэний нийгмийн байгууллагууд хувийн хэвшлийнхэнтэйгээ ойлголцож, зөвшилцсөн үү гэдэг заалт тодорхойгүй байна.
Эдийн засгийн яам, Сангийн яамд хоёр бүтэц байна. Энэ давхардахгүй юу?
Мөн төр хувийн түншлэлийн аж ахуйн тооцоотой байна гэжээ. Энэ ашгийн төлөө байх юм уу?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.