2022.10.21

Д.Өнөрболор: Төр хувийн хэвшлийн сонгодог зарчмыг алдагдуулж болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.10.21\ нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

Ирэх долоо хоногт Засгийн газраас өргөн барьсан “Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх асуудал яригдаж байгаа. Энэ өргөн баригдсан хуулийн төсөл нь үндсэндээ концессын хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг засан сайжруулах, хуулийг хэрэгжүүлэх явцад гарсан алдаа, дутагдлыг залруулахад л гол анхаарлаа хандуулснаас биш төр, хувийн хэвшлийн сонгодог консевцыг орхигдуулсан хууль болох эрсдэл үүсээд байна.

Энэ хувилбар явснаар өнөөдөр хувийн хэвшил, хөрөнгө оруулалтыг татаж дэмжих нь байтугай “Шинэ сэргэлт”-ийн бодлогын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх орчин огт бүрдэхгүй нөхцөлтэй байгаа юм. Тэгэхээр төр хувийн түншлэл гэдэг юу вэ гэдэгт нэг ойлголттой болох нь чухал. Үүний эрх зүйн орчныг зөвхөн төр, засгийн эрх мэдлийг төвлөрүүлэх, хянан шалгах, зөвшөөрөл олгох зэрэг хүнд суртлын, мөн эдийн засгийг төсвийн хараагаар зохицуулах биш юм. Эл хуулийг хууль эрх зүйн, стратегийн, түншлэлийн, хувийн хэвшлийн, хөрөнгө оруулалтын гэх мэт олон талаас нь харж бүрдүүлэх ёстой.

Гэтэл энэ хууль бүхэлдээ төсвийн хөрөнгө оруулалтаар төрийн зарим чиг, үүргийг хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлэх л хараагаар боловсруулагдчихаад байна.

Үндсэндээ энэ хуулийг төсвийн хөрөнгөөр хувийн хэвшлээр төсөл, хөтөлбөр гүйцэтгүүлэх тухай гэж нэрлэх нь зүйтэй. Ийм хуулиар төр, хувийн хэвшлийн сонгодог зарчмыг алдагдуулж болохгүй. Зах зээлийн боломжуудыг нээх биш боомилсон хуулийг бид нар зөвшөөрч болохгүй. Улс орны хөгжлийг ухраасан, гацаасан ийм хуулийг би дэмжихгүй. Үүн дээр гишүүдийг анхааралтай хандаач гэж хүсэж байна.