2022.06.03

С.Чинзориг: Төрийн үйлчилгээг дордуулахгүй, хүртээмжтэй хүргэнэ гэсэн үг, үсэг алга

УИХ-ын чуулганы \2022.06.03\-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Зарчмын хувьд дэмжиж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр ямар ажил гүйцэтгэхээ зарлаж байна гэж оруулах нь зүйтэй. Энэ төсөлд Хувийн хэвшил төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл санаачлагч байна гэж оруулсан байна. Энэ нь хэр оновчтой вэ? Төр засаг нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр ямар төсөл хэрэгжүүлэхээ санаачлагч, зарладаг байх ёстой.

Концессийн хуулиас хүрээг нь өргөжүүлээд оруулаад ирж байгаа юм байна. Төрийн үйлчилгээг төр, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр болжээ. Бид төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэнэ гэж байнга ярьдаг. Үүнийг тогтоосон стандарт гэж байдаггүй. Тэгэхээр иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг Сангийн яам ямар чанартай хүргэх вэ гэсэн стандарт байдаггүй.

Төрийн үйлчилгээг төр, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхэд тавигдах шаардлага, гэрээний нөхцлийг харахаар төрийн үйлчилгээг дордуулахгүй, хүртээмжтэй хүргэнэ гэсэн үг, үсэг алга. Энэ үед 2 болгоомжлол үүсдэг. Нэгдүгээрт үнэ өртөгтэй холбоотой асуудал. Хоёрдугаарт, Төрийн үйлчлилгээг хийж байгаа төрийн албан хаагчийн ангилал өөрчлөгдөх вий гэсэн болгоомжлол тэдэнд байгаа. Үүнийг та бүхэн хэрхэн харж байна вэ?

Түүний асуултад УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn