Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.01\ нэгдсэн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцуулав.
Тэрбээр, Байнгын хороо 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, хууль зүйн техникийн шинжтэй засваруудыг хийснийг тодотгов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу ажлын хэсгээс төслийн 18.2.7 дахь заалтыг “төслийн үйл ажиллагаанд шаардлагатай Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу олгогдох тусгай болон энгийн зөвшөөрлийг тодорхойлсон байх” гэж өөрчлөх, төслийн 27.1 дэх хэсэгт “сонгон шалгаруулалтад оролцогчид нь Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.6-д заасны дагуу харилцан хамааралгүй байна” гэсэн шинэ заалт нэмэх, төслийн бусад зүйл, хэсэг заалтыг өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналууд бэлтгэснийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Мөн төслийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь хэсэг, хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах саналыг чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь эдгээр саналаар дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан төслийн 29.1 дэх хэсгийн “зээлдэгчийн” гэснийг “санхүүжүүлэгчийн” гэж, 29.2 дахь хэсгийн “Монгол Улсын хууль болон түншлэлийн гэрээнд заасан эрх, үүргийн дагуу оролцоно” гэснийг “холбогдох хууль, түншлэлийн үндсэн болон дагалдах гэрээнд заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэж өөрчлөх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах саналыг дэмжихгүй гэсэн саналуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн гэдгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооноос гаргасан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 10 саналын томьёоллоор санал хураалт явуулав.
Ингээд хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Уг анхдагч хуулийн төсөл нь 9 бүлэг 60 зүйлтэй бөгөөд Монгол Улсын санхүү, төсвийн удирдлага, тогтолцоонд шинэ зохицуулалт, санхүүгийн эх үүсвэрийг бий болгох, эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол бүхий нийтийн зориулалттай дэд бүтэц болон төрийн үйлчилгээний салбарын хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлж, улс орны хөгжлийн зорилтуудыг хангах боломжийг бүрдүүлнэ гэж хууль санаачлагчид үзжээ.
Хуулийн төслийн үндсэн зорилт нь төр, хувийн хэвшилтэй урт хугацаанд түншилж дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийг татан оролцуулснаар үйлчилгээний салбарт өрсөлдөөнийг бий болгох, хөрөнгийн удирдлагыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах санхүүгийн арга хэрэгслийг бий болгох, урт хугацаандаа төсвийн ачааллыг бууруулах, хувийн хэвшил дээр суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих зэрэг олон давуу талыг бүрдүүлэхэд чиглэсэн байна.