ХЭҮК-ын Ажлын хэсэг Булган, Хөвсгөл аймгуудад ажиллаж байна
2022.08.25

ХЭҮК-ын Ажлын хэсэг Булган, Хөвсгөл аймгуудад ажиллаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунангаар ахлуулсан Ажлын хэсэг 2022 оны 08 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд ХХЕГ-ын харьяа Хилийн цэргийн 0286 дугаар ангийн төв болон тус ангийн 4 дүгээр заставт ажиллаж алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд болон дүрмийн бус харилцаанаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийлээ.


Энэхүү хяналт шалгалтын хүрээнд тус ангид мөрдөгдөж буй дүрэм, журам хүний эрхийн зарчимд нийцэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийж, алба хаагчдын санал хүсэлтийг сонсож, хөдөлмөрлөх орчин нөхцөлтэй танилцлаа. Мөн тус сумын ЕБС-ын дотуур байрны үйл ажиллагаанд хүүхдийн эрхийг хэрхэн хангаж байгаад хяналт шалгалтыг зохион байгуулсан байна.


Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 08 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар болон албаны бусад хүмүүстэй уулзаж тус аймгийн хүний эрхийн нөхцөл байдлыг сонсож, Комиссоос баримталж буй бодлого, шийдвэр, шинээр байгуулагдсан механизмуудын талаар танилцуулав. Үргэлжлүүлэн тус аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг хийлээ.


Ажлын хэсэг тус аймагт байрлах Хилийн цэргийн 0257 дугаар анги болон Политехник коллежийн дотуур байрны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, тус аймгийн Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Ханх сум болон Хатгал тосгонд удирдамжтай хяналт шалгалтын ажлыг хийнэ.

Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Комиссын дарга Ж.Хунан, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Судалгаа, дүн, шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Ёндонжамц, мэргэжилтэн О.Энхболд нар ажиллаж байна. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn