УИХ-ын гишүүн Б.Баярсайхан ШШГЕГ-ын харьяа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага, Улсын хүүхэлдэйн театрын үйл ажиллагаатай танилцлаа
2022.07.06

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан ШШГЕГ-ын харьяа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага, Улсын хүүхэлдэйн театрын үйл ажиллагаатай танилцлаа

Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүргийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага болон Монгол Улсын хүүхэлдэйн театрын үйл ажиллагаатай өнөөдөр (2022.07.05) танилцлаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын үйл ажиллагааны талаар болон хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хийх ажлынхаа талаар Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын дарга, хурандаа Г.Тамир танилцуулга хийсэн. Тухайлбал, тус байгууллага нь Шүүхийн шийтгэх тогтоолоор хорих ялаар шийтгүүлсэн өсвөр насны хүүхдийн хорих ялыг биечлэн эдлүүлэх, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх, нийгэмшүүлэх зэрэг хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүний нөөцийн хүрэлцээ дутмаг, барилга байгууламжийн ашиглалтын хугацаа дууссан, төсөв санхүүжилт муу зэрэг олон асуудлыг хөндлөө.

Түүнчлэн тус байгууллагад хорих ял эдэлж буй өсвөр насны хоригдлуудын гэр бүлийн байдал тогтворгүй, анхаарал халамж сул, амжиргааны түвшин доогуур зэрэг нөхцөл байдлаас шалтгаалж өсвөр насны хоригдлуудад сурагчийн хувцас, хичээлийн хэрэгсэл, сурах бичгийг авч өгөх боломжгүй тул, төрийн бус байгууллага болон сайн үйлсийн тусламж хандиваар шийдвэрлэж ирсэн. Гэхдээ энэ нь хүүхдийн эрхийг хөндөж байгаа тул улсын төсөвт тусгаж өгөхийг хүссэн. Мөн өсвөр насны хоригдлын чөлөөний асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд тодорхой заагаагүй нь хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байгааг онцолсон.

Үргэлжлүүлэн Ажлын хэсгийн ахлагч Улсын хүүхэлдэйн театрын үйл ажиллагаатай танилцлаа. Улсын хүүхэлдэйн театрын үйл ажиллагааны талаар болон хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хийх ажлынхаа талаар танилцуулга, мэдээллийг Улсын хүүхэлдэйн театрын дарга М.Отгончимэг хийсэн. Тэрээр танилцуулгадаа театрын онцлогт тохироогүй мэргэжлийн бус барилга байгууламж болон уран бүтээлчдийн нийгмийн асуудал цалин, санхүүжилтийн талаар хөндөж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, тулгамдаж байгаа асуудлуудыг холбогдох яамдад тавьж, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах үүрэг бүхий ажлын хэсэг энэ асуудалд анхааралдаа авч, санал, дүгнэлтээ байнгын хороо, нэгдсэн чуулганд танилцуулж, тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэх үүрэг, чиглэлийг Засгийн газарт хүргүүлж ажиллахаа илэрхийлэв