2022.05.06
Эмч, эмнэлгийн ажилтнууд гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний тогтолцоог эсэргүүцэж байна
Дорнод Аймгийн Бүсийн ононшлогооны төвийн эмч, эмнэлгийн ажилтнууд гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний тогтолцоог эсэргүүцэж байна. МҮЭ-ийн Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймгийн ҮЭ-ийн холбооны анхан шатны хороодод ажиллаж байна.
Энэ үеэр Дорнод Аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Х.Баатарсүх, МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МЭАҮЭХолбооны дарга Ч.Нарантуяа нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, эмч эмнэлгийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг сонслоо. Ажилтнуудын зүгээс гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний тогтолцоонд шилжсэнээр хөдөлмөрийн үнэлэмж буурч байгааг онцолж энэ тогтолцоог эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
Энэ үеэр Дорнод Аймгийн Бүсийн оношлогооны төвийн захирал Д.Должин хэлэхдээ "Эрүүл мэндийн салбарын цалин хөлсийг Гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний тогтолцоонд шилжүүлсэн. Ингэснээр эмнэлгийн үзлэгт квот зааж, илүү үзлэг хийсэн ч цалин хөлсийг нь нэмэж олгохгүй гэсэн баригдмал норм нормативийг тогтоож нөгөө талдаа жилийн төсвийг нэмэгдүүлж хуваарилаагүйгээс болж манай эмнэлэг үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болж дампуурч магадгүй болоод байна.
Төсөвт нэмэлт санхүүгийн эх үүсвэрийг суулгаагүй байтал Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар шөнийн цагийн нэмэгдлийг олгохоор болсон. Гэтэл үүнийг олгоход төсөвт сар бүр 60 сая төгрөг шаардлагатай байгаа. Хязгаардлагдмал санхүүгийн нөөцөөс хязгааргүй хэрэгцээг хангах ямар ч боломжгүй байна" гэв.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn