МҮЭХ-ны Ерөнхийлөгч Хэнтий Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавтай уулзлаа
Өнөөдөр (2022.05.04) МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг Хэнтий Аймгийн Засаг даргатай уулзаж, тус аймгийн иргэд, хөдөлмөрчид, малчдын өмнө тулгамдаж буй асуудлаар хамтран ажиллах хүрээнд санал солилцлоо.
Уулзалтын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат МҮЭ-ийн холбооноос орон нутагт хөдөлмөр эрхэлж буй иргэд, хөдөлмөрчид, малчид руу чиглэсэн бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, нийгмийн түншлэлийн хүрээнд Хэнтий Аймгийн ҮЭ-ийн холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлж, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг олгож хөдөлмөрлөх эрхийг нь хангуулж ажиллахыг хүсэж, бүс нутгийн хэмээнд бүсийн оношлогооны төв байгуулах хэрэгцээ шаардлага үүсээд буйг онцолж байв.
Хариуд нь Хэнтий Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, АЗДТГ-ын СТСХ-ийн дарга С.Нямдаваа нар хэлэхдээ, "Төрийн албан хаагчдын цалин хөлс бага байгаа. Мөн аймгийн Засаг даргын тамгын газрын ажилтнуудын цалин хөлсний асуудал мөн орхигдоод байгаа.Та бүхэн төрийн захиргаа, төрийн үйлчилгээний ажилтнуудын цалингийн нэмэгдлийг хамтад нь авч хэлэлцэж санал шаардлагаа тавьж ажиллахыг хүсье. Тэгэхгүй бол төрийн үйлчилгээний ажилтнуудын цалин хөлс нэмэгдээд байгаа ч төрийн захиргааны албан хаагчдын цалин хөлс огт нэмэгдэхгүй орхигдоод байна.
2022.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20.1.18-д заасны дагуу төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг тухайн орон нутгаас нь олгож эхэлсэнтэй холбогдуулаад маш олон асуудал урган гарсан. Энэ хүрээнд Аймгийн төсөвт тодотгол хийж 860 сая төгрөг суулгаж төрийн үйлчилгээний 1-3 дугаар шатлалын албан хаагчдын цалин хөлсийг бүрэн олгох арга хэмжээг эхний ээлжид авч хэрэгжүүлсэн. Гэвч оны эцэст улсын төсөвт дахин тодотгол хийхгүй бол жилийн эцэст эдгээр ажилтнуудын цалин хөлсний асуудал дахин хурцаар тавигдахаар байгаа юм" гэдгийг онцолж аймагт ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэд, хөдөлмөрчид, малчдын өмнө тулгамдсан асуудлаар ҮЭ-тэйгээ хамтран ажиллахдаа таатай байх болно" хэмээв.
Энэ үеэр ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсгийн гишүүн Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн захирал Г.Баярмаа ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хууль ХАБЭА-н тухай хуулийн сургалтад хамруулах, МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл Монголын Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбооноос боловсролын салбарын багш ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлыг, МЭМАҮЭ-ийн холбооны дарга Ч.Нарантуяа Аймгийн Засаг Даргын Тамгын газрын Эрүүл мэндийн газартай нягт хамтран ажиллаж гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний тогтолцооны хүрээнд тулгамдаж байгаа асуудлаар хамтран ажиллах шаардлагатай байгааг онцолж байсан юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn