Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 31 хувиар нэмэгдүүлж 550 мянган төгрөг болгож тогтоолоо
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны хурал өнөөдөр (2022.05.04) болж Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох, уурхайчдын уртын ээлжийн илүү цагийг буруу тооцож байгаа асуудлыг тус тус хэлэлцлээ.
Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө буюу сард 550 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр Үндэсний хорооноос тогтоов.
Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байсныг 31 хувь буюу 130 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байгаа юм.
Сонирхуулахад, МҮЭ-ийн холбооноос цар тахлын үед Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (ХХДХ)-г шинэчлэн тогтоох саналыг хуулийн хүрээнд тавьж байсан боловч 2021 онд УИХ-аас ХХДХ-ний тухай хуульд өөрчлөлт оруулж нэмэгдүүлэх боломж гарцыг үгүй хийгээд байсан юм.
Түүнчлэн өнөөдрийн хурлаар ХХДХ-г хоёр жилийн турш буюу 2023-2024 онуудад зөвхөн 500 мянган төгрөгт хүргэх саналыг ажил олгогч болон Засгийн газраас гаргаж байсан ч МҮЭ-ийн холбооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс 600 мянган төгрөгт хүргэх, 2024 онд дахин нэмэгдүүлэх, ингэхдээ 2023 оны нэгдүгээр улиралд багтаан хэлэлцэж шинэчлэн тогтоох саналыг оруулсан ба удтал мэтгэлцсэний эцэст МҮЭ-ийн холбооны саналыг хэлэлцэж түншлэгч талуудын олонхын саналаар ХХДХ-г 550 мянган төгрөг байхаар баталсан юм.
Ийнхүү ХХДХ-г шинэчлэн тогтоосонтой холбогдуулан салбарууд хамтын хэлэлцээрийн хүрээнд ХХДХ-г 1.11-2 дахин нэмэгдүүлэн тогтоох боломж бүрдлээ. Тухайлбал,
- Авто зам 1.5 дахин буюу 825.0 мянган төгрөг
- Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбар 1.2 дахин буюу 660.0 мянган төгрөг
- Газрын тос 2 дахин буюу 1100.0 мянган төгрөг
- Эрүүл мэнд 1.11 дахин буюу 611.6 мянган төгрөг
- Соёл урлаг спорт 1.4 дахин буюу 770.0 мянган төгрөг
- Геологи уул уурхай, хүнд үйлдвэр 2 дахин буюу 1100.0 мянган төгрөг
- Эрчим хүч 1.6 дахин буюу 880.0 мянган төгрөг
- Барилга 1.54 дахин буюу 847.0 мянган төгрөг
- Орон сууц нийтийн аж ахуй 1.4 дахин буюу 770.0 мянган төгрөг болох юм.
Харин уурхайчдын уртын ээлжийн илүү цагийн хөлс буруу тооцож байгаа асуудлыг хэлэлцэхэд долоо хоногийн завсарлага авахаар тогтлоо.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn