Монгол орны өнцөг булан бүрт байгаа Үйлдвэрчний эвлэлүүд эвлэлдэн нэгдэж дуу хоолойгоо хүргэлээ
МҮЭ-ийн Холбооноос 2022.05.01-нд Олон Улсын Ажилчдын эрхийн өдрөөр, Монголдоо сайхан ажиллаж амьдрахыг уриалж ажилчдын үзэл бодол дуу хоолойг УИХ, Засгийн газар, Ажил олгогчдод хүргэх цуглааныг зохион байгуулсан билээ. Тэгвэл энэ цуглаанд МҮЭ-ийн холбооны аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын 20 мянган гишүүн орон нутгаасаа оролцож дуу хоолойгоо нэгтгэв.
Энэ үеэр аймгийн ҮЭ-ийн холбоодоос өөрсдийн төв талбайд иргэд хөдөлмөрчдийн цуглааныг зохион байгуулж аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүд, УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлж, МҮЭ-ийн холбоонд цуглаанаас гарсан санал хүсэлтийг хүргэхээр бэлтгэсэн байна.
Орон нутгийн иргэд хөдөлмөрчдийн зүгээс орон нутгийн онцлогт тохирсон бодлого хэрэгжүүлэхийг хүсэхийн зэрэгцээ төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зогсоох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ажлын байрны дарамт, хүчирхийлэл, эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулах, бензин шатахууны үнэ бууруулах, ТҮ1-3 ажилтнуудын цалин хөлс, ажлын байрны баталгааг хангахыг шаардаж байсан юм.