С.Эрдэнэбат: Үнэ, инфляцыг барьж чадахгүй байгаа бол цалинг нэм
2022.04.20

С.Эрдэнэбат: Үнэ, инфляцыг барьж чадахгүй байгаа бол цалинг нэм

МҮЭ-ийн холбооноос Төрийн үйлчилгээний 1-3 дугаар зэрэглэлийн цалинтай албан хаагчдын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох байр сууриа илэрхийллээ.

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат:

- Цалин хөлс хоёр талаас олгогдох маргаантай асуудал удаан үргэлжиллээ. Засгийн газраас энэ чиглэлээр тодорхой төсвийн тодотгол хийж, хуучнаар нь байлгахаа мэдэгдсэн. Энэ хаврын чуулганаар төсвийн тодотголоор хэлэлцэнэ. Хэрэв үүнийг цаашид үргэлжлүүлбэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ.

Хоёрдугаарт, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний асуудал бий. Хуучин 1 ам.доллартай тэнцдэг байсан бол одоо буурч 77 центтэй тэнцэхээр байна. Өөрөөр хэлбэл, 2018 онд тогтоож 2020 оноос мөрдөж эхэлсэн 420 мянган төгрөг буюу доллар 2500 төгрөгтэй тэнцэж байхад нэг цагийн хөлс 1 ам.доллар байв. Үнэ инфляц 20 орчим хувиар өсөж байна. Бараа бүтээгдэхүүн, шатахууны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Амьжиргааны баталгаажих түвшин 300 мянгаас дээш давсан гэж харж байна. УИХ 2023 оноос нааш хөдөлмөрийн хөлсний хэмжээг өөрчлөхгүй гэсэн хуулийн заалтыг сэмээрхэн нэмчихсэн. Ард түмнийхээ эсрэг яагаад ийм хачин зүйл хийдэг юм бэ. Цалинг нь нэмэхгүй байна гэдэг нь ард түмнээ Монголоос хөөж байгаагаас өөрцгүй. Монгол Улсад хөдөлмөрийн нэг цагийн хөлс багадаа 77 цент бол залуусын очиж ажиллах гэж зүтгээд байгаа БНСУ-д 8,8 ам.доллар байна. Өөрөөр хэлбэл 12 дахин их. 

Мөн БНГУ-д 13 ам.доллар, АНУ-д 25 ам.доллар байна. Өнөөдөр гадаадад зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүн Монголд зарагддагаас хоёр дахин хямд байна. Тиймээс Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх цаг болсон. Үнэ, инфляцыг үнэхээр барьж чадахгүй байгаа бол ард иргэдийн бодит орлогод нэмэр болохуйцаар цалинг нэмэх, хөдөлмөрийн хөлсний хэмжээг нэмэх, татварыг бууруулах, НӨАТ-ын буцаалтыг нэмэгдүүлэх, ХАОАТ-ыг шатлалтай бууруулах, олон хүүхэдтэй өрхөөс авахгүй байвал яасан юм бэ. НДШ-ийг буцаан олгох шийдвэрт талархалтай байгаа ч иргэн бүр тэгш эрхтэй. Төрийн болон уул уурхайн байгууллагаас бусад нь хэмээн ялгаж болохгүй гэсэн шаардлагыг бидэнд хүргүүлсээр байна. Тиймээс бүгдийг хамруулаач гэсэн саналыг ЗГ, УИХ-д хүргүүлсэн.

Мөн үнийн өсөлтийн асуудал байна. 370 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн тэр дундаа иргэдийн хамгийн их хэрэглэж байгаа 30 гаруй төрлийн бүтээгдэхүүний үнийг бууруулахад олон нийтийн хяналт шалгалт зайлшгүй шаардлагатай байна. Үндэсний үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг зөвхөн ашиг харж бүү нэмээч ээ. Үнэ сараар нэмэгддэг байсан бол одоо долоо хоног тутам өсөж байна. Өнөөдрийн Засгийн газрын хурлаар эрчим хүчний үнийг 28 хувиар нэмэгдүүлэх саналыг хэлэлцэж байх шиг байна.