
2025.03.20
Парламентын Цахим үйлчилгээний асуудал хариуцсан албаны удирдлагуудтай уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Британийн Парламентын Цахим үйлчилгээний асуудал хариуцсан албаны Архитектурын асуудал хариуцсан захирал Руперт Хэй Кэмпбэлл, Инновац ба санаачилгын асуудал хариуцсан захирал Элизабет Акс нартай уулзав.
Уулзалтын үеэр талууд цахим засаглал, цахим парламент, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлаар санал солилцлоо.
Түүнчлэн, тэрбээр, Олон Улсын Парламентын Холбооны Британийн бүлгийн дарга Фабиан Хамилтонтай уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.