2022.03.25

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Сүхбаатар аймгийн засаг даргатай уулзлаа

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг зүүн бүсийн аймгуудад ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр (2022.03.25) Сүхбаатар Аймгийн Засаг Дарга М.Идэрбаттай уулзлаа.

Уулзалтын эхэнд С.Эрдэнэбат "Төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлыг анхааралдаа авч ТҮ1-3 дугаар шатлалын ажилтнуудын цалин хөлсийг Засаг Захиргаа нутаг дэвсгэр нэгж түүний Удирдлагын тухай хуулиар орон нутгийн төсвөөс олгох болсонтой холбогдуулан үүсээд буй зөрчлийг арилгахад хамтран ажиллах, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, Аймгийн ҮЭ-ийн холбоо болон Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран байгуулдаг ХНЗ-ийн гурван талт аймгийн хэлэлцээрээр Нийгмийн түншлэлийг бэхжүүлж, иргэд хөдөлмөрчдийн хүний эрх, эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх эрхийг хангаж ажиллахыг хүсч, цаашид аймгийн ҮЭ-ийн холбоотойгоо Нийгмийн даатгал, ХАБЭА, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах хэрэгцээ шаардлага байна" хэмээлээ.

Сүхбаатар Аймгийн Засаг дарга М.Идэрбат хэлэхдээ "ТҮ1-3 дугаар шатлалын албан хаагчдын цалин хөлстэй холбоотой асуудлыг Аймгийн Засаг Дарга нарын уулзалтаар хэлэлцсэн. Аймгийн хэмжээнд албажиж ирсэн тогтоолын хүрээнд төсөв бага байгаа нь маш их хүндрэлийг дагуулж байна. Төрийн үйлчилгээний 1-3 дугаар шатлалаар цалинждаг албан хаагчдын цалин хөлс жилээр тооцоход нэг тэрбум гаруй төгрөг болж байгаа. Аймгийн батлагдсан төсвийн чадамжийн хүрээнд хагас жил хүртэлх хугацаанд эдгээр ажилтнуудын цалинг өгөх нөхцөл бололцоотой байгаа. Бид Сангийн Яаманд санхүүгийн талаарх мэдээллийг хүргүүлсэн. Нөгөө талаас орон нутагт төрийн албан хаагчдын шалгуур өндөр байдаг учраас сумдад болон аймгийн төвд төрийн албанд ажиллах хүний нөөцийн хомстолд орсон. Энэ нь төрийн үйл ажиллагааг явуулахад хүндрэл учруулж байна. Аймгийн Засаг Даргын Тамгын Газрын зүгээс Аймгийн ҮЭ-ийн холбооны шинэ удирдлагатай хамтран төрийн албан хаагчид болон аймгийн иргэд, малчдын эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулж нийгмийн түншлэлийг бэхжүүлж ажиллахдаа таатай байх болно" гэв.

Мөн энэ үеэр Аймгийн ҮЭ-ийн Холбооны дарга Н.Сэргэлэнбаатар Засаг Даргад хандаж "Ковид-19 цар тахлын үед ажилласан эмч эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн хөлс олгогдохгүй байгааг тодруулах, аймгийн хэмжээнд 11 уул уурхайн компани үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр уул уурхайн компаниудад ажиллаж байгаа уурхайчдын эвлэлдэн нэгдэх эрх, цалин хөлс нэмэгдүүлэх, хамтын гэрээ хийх зэрэг тулгамдаад буй асуудлыг анхааралдаа авч иргэд хөдөлмөрчдөө дэмжиж ажиллахыг хүсч байна" хэмээн уламжиллаа.