“Ахмад настны нийгмийн халамж, төлбөрт үйлчилгээг нэвтрүүлэх боломж, шийдэл” хэлэлцүүлэг боллоо
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Ахмад настны нийгмийн халамж, төлбөрт үйлчилгээг нэвтрүүлэх боломж, шийдэл” хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.03.16) Төрийн ордонд зохион байгууллаа.
Тус байнгын хорооны 2022 оны 01 дүгээр тогтоолоор Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаагаар ахлуулан байгуулсан. Тус ажлын хэсгийн гишүүд чуулганы завсарлагааны хугацаанд буюу энэ сарын 03-07-ны өдрүүдэд Орхон, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий аймагт ажиллаж, ахмадууд болон төрийн байгууллагын удирдлагуудтай уулзалтуудыг хийсэн юм.
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос ахмадуудын чадамж, хүсэл сонирхолд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэтгэврээс бусад орлогыг нэмэх, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад анхаарч, холбогдох хууль эрх зүйн шинэчлэлийг хийхээр ажиллаж байгааг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэв. Мөн тэрбээр УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар товч мэдээлэл өглөө.
“Ахмад настны тухай хуулиар төрөөс ахмадууддаа 9 төрлийн үйлчилгээг үзүүлж байгаа хэдий ч газар дээрээ хэрэгжилт дутмаг, хүртээмжгүй байна. Ахмадын өргөөг нэг стандартын дагуу байгуулах; тэтгэврийн зөрүүг арилгах, үнийн өсөлт, инфляцтай уялдуулан шат дараатай нэмэгдүүлэх; ахмад настанд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ, сувиллын хүртээмжийг нэмэгдүүлэх; ахмад настны тухай хуульд заасан ахмадын хороо, түүний салбар байгууллагын үйл ажиллагааны санхүүжилтийг нэмэгдүүлэх; төрөлжсөн ахмадын асрамжийн газрыг байгуулах, ахмадуудын асрамжийн газрын дэргэд туслах аж ахуйг хөгжүүлэх, эмнэлгийн тусламж үзүүлэх эрх олгох; онцгой нөхцөлөөр буюу 55, 60 нас хүрээгүй эрт тэтгэвэрт гарсан ахмадуудын нийгмийн хамгааллын асуудал орхигдсон байгааг анхаарах, эрх зүйн зохицуулалтыг бий болгох зэрэг олон асуудал байгааг Ажлын хэсэг ахмад настнуудын төлөөлөлтэй уулзаж, ахмадын асрамжийн газруудад ажиллах үеэр хэлж байсан. Өнөөдрийн хэлэлцүүлгээр энэ асуудлуудыг шийдвэрлэх гарц гаргалгааг хамтдаа ярилцах болно” гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Жаргалмаа хэлэв.
Манай улсын тухайд Ахмад настны тухай хуулийг 2017 онд шинэчлэн баталсан бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ахмад настанд 60, түүнээс дээш эрэгтэй, 55, түүнээс дээш настай эмэгтэй хүнийг хамруулсан байдаг.
Монгол Улсын хүн ам 2021 оны эцэст урьдчилсан дүнгээр 3.4 сая болж өмнөх оноос 52.6 (1.6%) мянган хүнээр өсжээ. Манай улсын хүн ам 2010-2020 оны хооронд 19.7 хувиар өсөж, жилийн дундаж өсөлт 2.2 хувь болсон бол өндөр настны жилийн дундаж өсөлт 5.9 хувьтай байна.
Цагаан сарын босгон дээр төсөвт тодотгол хийж, ахмадуудын тэтгэврийг нэмсэн. Энэ шийдвэрийн дагуу бүрэн тэтгэврийн доод хэмжээ 500.0 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэвэр 400.0 мянган төгрөг болсон ч ахмадуудын амьжиргаанд хүрэхгүй байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хэллээ.Түүнчлэн 1989-2010 оны хооронд гурван 10 жил дараалан нийт хүн амын 5 орчим хувийг өндөр настан эзэлж байсан бол 2020 онд 7.0 хувь болж өссөн байгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас харж болно.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чирэгдэл ихтэй, хүртээмжгүй, гэрийн болон явуулын, өдрийн асаргаа, үйлчилгээ орхигдсон, эмийн хөнгөлөлт ёс төдий /нэр төрөл цөөн, үнэ өндөр/ болсон зэрэг олон асуудал ахмадуудын өмнө тулгамдаж байна. Иймээс УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дэргэд Ахмадын асуудал хариуцсан дэд хороо, лобби бүлэг байгуулан ажиллуулах замаар ахмадуудад тулгарч буй асуудлуудыг арилгах чиглэлд дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байна” гэв.Ахмадуудаа дэмжсэн хууль, төрийн бодлогын баримт бичиг, үндэсний хөтөлбөрүүдийг гаргасан ч хэрэгжилт хангалтгүй байгааг Монголын ахмадын холбооны дэд ерөнхийлөгч П.Бямбацэрэн илтгэлдээ тэмдэглэв. Тэрбээр, “Монголын ахмад настнуудын өнөөгийн байдал бүхэлдээ ядуу, нэн ядуучуудын армийг бүрдүүлж байна. Эрүүл мэнд, амьжиргаа нь доройтсон, ялгаварлан гадуурхалтад өртдөг, гэр бүлийн хүчирхийллийн золиос болж байна. Ахмадууд өмч хөрөнгө, тэтгэврийн орлогоо өөртөө зориулах эрхгүй, сэтгэл санаа, эдийн засгийн байнгын дарамттай ийм л хэсэг бүлэг болж хувирчээ. Бидний дэмжсэн хууль, төрийн бодлогын баримт бичиг хангалттай байна. Гэвч хэрэгжилт хангалтгүй. Энгийн жишээ гэхэд Ахмад настны тухай хуулийн 10 гаруй зүйл, заалт огт хэрэгжихгүй байна. Ахмад настны тухай хуулийн 14.7-д “Энэ хуулийн 14.6-д заасан арга хэмжээнд зориулан аж ахуйн нэгж, байгууллага өөрийн төсөв, үйл ажиллагааны орлогоосоо цалингийн нийт сангийн гурав хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр "Ахмадын сан" байгуулах бөгөөд Ахмадын сан байгуулан ажиллуулах журмыг Засгийн газар батална” гэсэн заалт огт хэрэгждэггүй. Мөн ахмадуудын эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн үйлчилгээ авах эрх байнга зөрчигддөг болсон.
Хэлэлцүүлэгт оролцогч ахмадууд “Ахмадын сан”-г хуульд заасны дагуу байгуулах, ахмад настны өдрийн, явуулын үйлчилгээний тарифыг нэмэх, ахмадын амралт, сувиллын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, тэтгэврийн зөрүүг арилгах, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж нэмэлт орлоготой болгоход төрөөс бодлогоор дэмжих талаар санал, бодлоо илэрхийлж байлаа.
Дэлхий дахинд ахмад настны тоо эрчимтэй нэмэгдэж байгаа талаар Дэлхийн насжилтын хяналтын индекс (Global Age Watch Index) - 2015 судалгааны тайланд дурдсан байна. Өдгөө 60-аас дээш настай 901 сая ахмад настан амьдарч байгаа нь дэлхийн нийт хүн амын 12.3 хувийг эзэлж байгаа бол 2030 онд 1.4 тэрбум (16.5 хувь), 2050 онд 2.0 тэрбум (21.5 хувь) хүрэх төлөвтэй байна. Энэ нь манай гаригт амьдарч буй 10 хүн тутмын нэг нь 60, түүнээс дээш насны хүн ам байна гэсэн үг юм. Хэрэв энэ хандлага хэвээр хадгалагдвал 2050 он гэхэд 5 хүн тутмын нэг нь 60, түүнээс дээш насны хүн ам болохоор байна. Монгол Улсын хувьд 60, түүнээс дээш насны хүн ам нийт хүн амд эзлэх хувь 2015 онд 6.4 хувь байсан бол 2030 онд 11.9 хувь, 2050 он гэхэд нийт хүн амын 21.1 хувьтай тэнцэх магадлалтай байна. Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын дүнд суурилсан “Хүн амын 2015-2045 оны шинэчилсэн хэтийн тооцоо”-ны үр дүнд үндэслэн 55, түүнээс дээш насны ахмадуудын нийт хүн амд эзлэх хувийг тооцож үзэхэд 2015 онд 9.7 хувь эзэлж байсан бол 2045 онд 19.4 хувь болж, 10 шахам пунктээр нэмэгдэхээр байгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанд дурджээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр “Ахмад настанд үзүүлэх үйлчилгээний хэрэгжилт, цаашдын зорилт” сэдвээр танилцуулга мэдээлэл хийлээ.
2021 оны байдлаар улсын хэмжээнд 3534 аж ахуйн нэгж, байгууллага “Ахмадын сан” байгуулан ажиллуулж байна. Цаашид төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулж, ахмад настны үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагуудыг дэмжих бодлого барьж байгааг тэрбээр илтгэлдээ дурдаад ахмадыг дэмжих бодлогын шийдвэрийн талаар мэдээлэл өгөв.
“Дэвжих сайхан “ТББ-аас ахмад настанд үзүүлж буй үйлчилгээ болон тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хэрхэн шийдвэрлэх талаар саналаа хуваалцав.
Мөн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, С.Чинзориг, Ц.Идэрбат нар холбогдох байгууллагуудаас асуулт асууж, саналаа хэлсэн.
Ажлын хэсэг хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг тайландаа тусгаж Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцүүлж, цаашлаад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар Засгийн газарт Байнгын хорооноос чиглэл өгөхөд анхаарч ажиллахаа илэрхийллээ.