2022.01.12
МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат Ахмадын холбооны удирдлагатай уулзаж хамтын ажиллагааны санал солилцлоо
2022.01.12 МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат Монголын Ахмадын холбооны дарга Ц.Сүхбаатартай уулзаж хамтын ажиллагааны хүрээнд санал солилцлоо.
Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат МҮЭ-ийн холбооны зүгээс цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх хүрээнд УИХ, Засгийн газарт удаа дараа шаардлага мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байгаа тухай, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны Улсын хэлэлцээрт туссан цалин тэтгэвэр тэтгэмжийг 2022 онд инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх заалтыг хэрэгжүүлэх хүрээнд ХНЗ-ийн гурван талт улсын нэмэлт хэлэлцээрийг байгуулах саналаа хүргүүлсэн тухай, ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгах мөн Нийгмийн даатгалын багц хууль, Холбооны эрх зүйн байдлын тухай хуульд санал хүргүүлж тус тус хамтран ажиллах талаар хэллээ.
Хариуд нь Монголын Ахмадын холбооны дарга Ц.Сүхбаатар “МҮЭ-ийн холбооны шинэ Ерөнхийлөгч ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгах тал дээр санаа тавьж хамтран ажиллах санал тавьж буйд талархал илэрхийлж, МҮЭ-ийн холбооноос хийж хэрэгжүүлж байгаа ажил цаг үеэ олсон үр дүнд хүрсэн ажил байдгийг онцлон тэмдэглэж, цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн тэрээр тэтгэврийн зөрүүг арилгах асуудлаар ганцаарчлан ХНХ-ын сайд А.Ариунзаяатай уулзаж төсөвт тодорхой санхүүжилт суутгадаг боловч Сангийн яаманд очоод гацдаг. Тийм учраас МҮЭ-ийн холбоотой хамтран, хамтын шаардлага тавьж шийдэлд хүртэл нь ажиллахаа илэрхийлье хэмээж байв.