2021.07.02

Д.Өнөрболор: Цар тахлын дараах эдийн засгийн бодлого, төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.02/ нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: 

Улс орноо төлөөлж энэ хариуцлагатай албанд томилогдох гэж байгаа та бүхэнд хандан 3 зүйл хэлмээр байна. Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах чиглэлээр бид их ярьдаг. Төдий ахиц дэвшил гарлаа гэж үзэхгүй байна. Нэн ялангуяа цар тахлын дараах үеийн эдийн засгийн сэргэлтийн тодорхой бодлого, төлөвлөгөөтэй элчин сайд бүр ажиллах хэрэгтэй. 

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын чуулган, найрамдал хамтын ажиллагааны уулзалтад идэвхтэй, үр ашигтай зохион байгуулж, улс орныхоо гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллах тал дээр  онцгой анхаарах хэрэгтэй. 

Хөрш орнууд ялангуяа ОХУ-д суух элчин сайдаар туршлагатай, зүтгэлтэй, найдвартай улс төрч Ө.Энхтүвшин гишүүн. сайд асан дэвшиж байгаад баяр хүргэе. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой болж байгаа онцгой жил. ОХУ-тай батлан хамгаалах, шинжлэх ухаан, эдийн засгийн салбаруудын үр ашигтай хамтын ажиллагаа өргүүлэх бодлогын жил байна гэдэгт итгэлтэй байна. 

2024 он гэхэд Орос, Хятад улсын худалдааны эргэлт 200 тэрбум ам долларт хүрэх ийм зорилт тавьсан байгаа. Энэ боломжийг идэвхтэй ашиглахад чармайлт гаргаж ажиллана гэж итгэж байгаа. Мөн гадаад харилцааны мэргэжлээр надтай хамт суралцаж, олон жил дипломат албанд тогтвор суурьтай, идэвхтэй ажиллаж ирсэн Баярхүү, ГанхуягСаянаа,Ганболд нарт баяр хүргэе.