Б.Саранчимэг: Ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.02/ нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
Юуны өмнө Монгол улсаас гадаадад суух онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдад нэр дэвшиж байгаа та бүхэнд баяр хүргэж амжилт хүсье. Дэлхий нийтэд Ковид-19-ын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт, агаар орчны бохирдол, цөлжилт, усны нөөцийн хомсдол гээд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй, байгаль орчны олон тулгамдаж байгаа асуудлууд байгаа.
Тэгэхээр эдгээрийн сөрөг үр дагаварыг бууруулах, арилгах чиглэлээр дэлхийн улс, орнууд хамтран ажиллаж, шинэ шинэлэг арга, шийдлүүдийг санаачилж хэрэгжүүлж байгааг нэр дэвшигчид маань мэдэж байгаа. Цар тахлын үе түүний дараах сэргээн босголтын төлөвлөгөөндөө юуны өмнө ногоон болоод, байгальд ээлтэй байдлаар эдийн засгаа сэргээх тал дээр улс орнууд анхаарч ажиллаж байна. Иймд та бүхэн тухайн улс болон олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллахдаа үндсэн чиглэлээ шинэ соргог, ногоон технологийг Монгол улсдаа нэвтрүүлэх, нүүртөрөгч багатай ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд чиглүүлж Монгол улсынхаа ногоон ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулаарай гэж хүсэж байна.
Өнөөдөр Монгол улсаа дэлхийд төлөөлөх Элчин сайдууддаа томилох гэж байна. Тэгэхээр өнөөгийн олон улсын харилцаа улам ээдрээтэй болж, гадаад харилцаанд тулгарах эрсдэл, сорилт улам нэмэгдэж байгаа энэ үед олон талын мэдлэг, туршлагатай, харилцааны өндөр чадвартай, бэлтгэгдсэн туршлагатай хүмүүсээ томилж нэр дэвшүүлж байгаа гэж ойлгож байна. Тиймээс та бүхэндээ амжилт хүсч, баяр хүргэж байгаа юм. Ер нь бол цаашдаа Элчин сайдуудыг томилохдоо тусгай мэргэжилтэн, сайн бэлтгэгдсэн мэргэжлийн дипломатууддаа МЕРИТ зарчмаар томилж байх зарчмын санал хэлж байна.
Нөгөө талаар Элчин сайдын томилгоонд жендерийн тэнцвэртэй байдлыг цаашдаа илүү их анхаарч байхыг хүсэж байна. Гадаад Харилцааны Сайд Б.Батцэцэг бид ажилтай нь танилцаад явж байхад жендерийн мэдрэмжтэй гэдгийг яам дээр ажиллаж байхад мэдэрч байсан. Цаашдын томилгоон дээрээ жендерийн тэгш байдлыг хангахад анхаарахыг хүсэж байна. Нэр дэвшиж байгаа Элчин сайдууддаа Монголынхоо нэр хүндийг улам өндөрт өргөж, иргэдийн эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалт болоод эдийн засгийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг хүсье.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn