2019.11.08
Таван элчин сайдыг эгүүлэн татаж, зургаан элчин сайдыг томилох асуудлыг дэмжлээ
Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.11.08/ нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайд Ц.Батбаярыг эргүүлэн татаж, Элчин сайдаар Ш.Батцэцэгийг
- Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Элчин сайд Н.Батааг эргүүлэн татаж, Элчин сайдаар Б.Доржийг
- Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүнийг эргүүлэн татаж Элчин сайдаар А.Төмөрийг
- Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайд О.Энхцэцэг эргүүлэн татаж, Элчин сайдаар Т.Жанабазарыг
- НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд С.Сүхболд нарыг эгүүлэн татаж, НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр В.Энхболдыг
- Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдаар Д.Давааг тус тус томилуулахаар санал хүргүүлсэн юм.
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг зөвшилцөх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал танилцууллаа.
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг зөвшилцөх саналыг АБГББХ-оор хэлэлцсэн талаарх санал дүгнэлийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцууллаа.
Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж хариулт авч дууслаа. Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох Ерөнхийлөгчийн саналтай зөвшилцөхийг дэмжлээ.
Элчин сайдад нэр дэвшигчдийн товч намтар:
- ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Дуламсүрэнгийн Даваа нь 1986 онд хуучнаар ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургуулийг, 1997 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг тус тус төгссөн, дэслэгч генерал цолтой юм. Тэрбээр 1986 оноос хойш батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа бөгөөд 2015 оноос ЗХЖШ-ын даргаар ажиллаж байсан юм. Харин 2018 оны 11 дүгээр сараас эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.
- Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Шагдарын Батцэцэг нь 1984 онд Орос хэлний дээд сургууль, 1987 онд Москвагийн Пушкиний нэрэмжит Орос хэлний дээд сургуулийг төгссөн, боловсролын докторын зэрэгтэй. Төрийн болон төрийн бус байгууллагад 1984 оноос хойш ажиллаж, 2008-2016 онд Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, 2016-2017 онд Монгол Улсаас Индонез улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байжээ.
- Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Бархасын Дорж Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын “Вестминстр” их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын харилцааны магистр, “Тэргүүн шадар” дипломат цолтой юм. Тэрбээр 1989 оноос эхлэн ГХЯ-нд ажиллаж эхэлсэн бөгөөд 2000-2004, 2013-2016 онд Варшав дахь ЭСЯ-нд II нарийн бичгийн дарга, Элчин зөвлөх зэрэг дипломат ажил гүйцэтгэж байжээ. Тэрбээр 2016 оноос хойш ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дэд захирлаар ажиллаж байна.
- Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Амарсанаагийн Төмөр 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2007 онд Япон улсын “КЮҮШҮ” их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр, “Тэргүүн шадар” дипломат цолтой юм. 2003 оноос ГХЯ-нд эрх зүйн чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2008-2011 онд Вена дахь ЭСЯ-нд III нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Тэрбээр 2014 оноос хойш ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирлаар ажиллаж байна.
- Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Түвдэндоржийн Жанабазар 1987 онд хуучнаар ЗХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1989 онд Япон улсын Олон улсын харилцааны их сургуулийг тус тус төгссөн, Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд цолтой юм. Дипломат албанд 34 жил ажиллах хугацаандаа Бүгд Найрамдах Ардчилсан Лаос улсад суух Элчин сайд, Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 2015 оноос ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирлаар ажиллаж байна
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Воршиловын Энхболд 1989 онд хуучнаар ЗХУ-ын Владимир хотын Техникийн их сургуулийг төгссөн. Техникийн ухааны магистр, олон улсын эдийн засгийн докторын зэрэгтэй, “Тэргүүн шадар” дипломат цолтой юм. Тэрбээр 2001-2004 онд Женев дэх БТГ-т III, II нарийн бичгийн дарга, 2008-2011 онд Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2012 онд ГХЯ-нд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2013-2016 онд Азийн хөгжлийн банкны төсөл, Европын холбооны төслүүдэд Үндэсний зөвлөх, 2016 оноос ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байна.