Афганистан дахь цэргийнхээ тоог нэмэгдүүлнэ
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Т.Мейзиерийн урилгаар 7 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд Берлинд албан ёсны айлчлал хийлээ.
Батлан хамгаалахын сайд Л.Болд Германы батлан хамгаалахын сайд Т.Мейзиертэй хэлэлцээ хийж, хоёр орны батлан хамгаалахын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрлээ. Тухайлбал: Бундесвертэй хамтарч Афганистанд үүрэг гүйцэтгэж буй монголын цэргийн тоог нэмэгдүүлж, ажиллагааны өмнөх сургалтыг германы зэвсэг техник дээр, германы сургагч нартай хамтран Монгол Улсад зохион байгуулах, энхийг дэмжих ажиллагаанд оролцох монголын зэвсэгт хүчний гурав дахь шинэ ангийг байгуулахад техникийн тусалцаа, дэмжлэг авах талаар харилцан ойлголцлоо.
Афганистан дахь монголын цэргийн тоог нэмэгдүүлэхтэй холбогдсон техникийн тохиролцооны баримт бичигт ЗХЖШ-ын дэд дарга хошууч генерал Б.Баярмагнай, германы БХЯ-ны Ажиллагааны удирдлагын штабын дарга адмирал А. Краузе нар гарын үсэг зурав. Сайд Л. Болд тэргүүтэй төлөөлөгчид Потсдам хотод байрладаг Бундесверийн Ажиллагааны удирдлагын командлалд зочилж, Афганистан дахь цагийн байдал, НАТО-гийн Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчний үйл ажиллагааны явц, хэтийн хандлагын талаар мэдээлэл сонсч, хоёр орны цэргүүдийн үүрэг гүйцэтгэлтийн талаар байр сууриа илэрхийллээ. Түүнчлэн манай Батлан хамгаалахын сайд Бундесверийн Ажиллагааны удирдлагын командлалаас зохион байгуулсан видео хуралд оролцож, Афганистаны Кабул хотод үүрэг гүйцэтгэж буй үндэсний ахлах төлөөлөгч, хурандаа Л. Гантөмөр, хамгаалалтын ротын захирагч, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ, Артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн захирагч дэд хурандаа Г.Жавхлансүрэн, Файзебад хот дахь хамгаалалтын салааны захирагч, ахмад Г.Ялалт нараас цагийн байдлын талаар илтгэл авч, үүрэг даалгавраар ханган, удахгүй тэмдэглэх улсын баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ. Холбооны Батлан хамгаалахын сайд Т. Мейзиерийг Файзебад хотноо айлчлахад өөрийн цэргийн багийн ажиллагааг танилцуулж байсан монголын цэргийн багийн гуравдугаар ээлжийн захирагч ахмад П.Дэлгэрмөрөнг албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ирүүлсэнд германы тал талархал илэрхийлж байлаа.
Батлан хамгаалахын сайд Л.Болд Берлинд айлчлах явцдаа Монгол-Германы харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх Засгийн газрын ажлын хэсгийн даргын хувьд Германы ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Аммон, Эдийн засаг, технологийн яамны Парламентийн төрийн нарийн бичгийн дарга Э.Бургбахер нартай ажлын уулзалт хийж хөрөнгө оруулалт, эрдэс баялаг, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх арга замыг хөндөж ярилцав. Тэрчлэн Бундестагийн Батлан хамгаалах байнгын хорооны дарга С.Кастнер, дэд дарга К.Ламерс болон парламентийн зарим гишүүдтэй уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцлоо.