УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.03.30/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж_ хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
"Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Цаг үеэ олсон, одоо үйлчилж байгаа хуулиас зохицуулалт, хамрах хүрээ, агуулгын хувьд тунхаглалын шинжтэй биш бодит үр дүнд чиглэсэн хуулийн төсөл байна гэж харж байна. 2 асуулт байна.
1. Архидан согтуурахтай тэмцэх санд 1 жилд хэдэн төгрөг хуримтлагдана гэж тооцож байна вэ? зарцуулалтын хувьд дагаж буй хуульд би буруу хараагүй бол мансуурах донд хамаарах буюу хар тамхины мансуурах донтой хүмүүсийг эмчлэх, сэргээн засахад сангийн мөнгө зарцуулагдах уу? үгүй юу? Учир нь СЭМҮТ бол барилга байшингийн хувьд маш их хуучирсан. Тэнд газар бий. Томоохон хэмжээний обьект барих боломжтой. Тиймээс үүн дээр хамтран ажиллах боломжтой юу?
2. Төслийн 29 дүгээр зүйлийн 1-д 21 нас хүрээгүй эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсний улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна гэж байна. 20 настай хүн архи авдаг. Бусдад гэм хор учруулсан бол дэлгүүрийн худалдагч дэлгүүр хариуцна гэхээр гэм хор гэдэгт юуг ойлгож байна вэ? Танхайрсан бол гэмт хэрэг болно. Ямар гэм хор вэ гэдгийг тодотгон асууж байна."