2021.01.15
О.Цогтгэрэл: Хуулийг багцаар нь хэлэлцэх нь зүйтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.15\ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
Энэ тогтоолын төслийг Засгийн газар 2020-2024 онд өргөн барих хууль, тогтоомжууд гэж ойлгож байгаа. Тэгэхээр эндээс харахад нийтдээ 149, энэ дотроос тоог нь харахад анхдагч хууль 43, нэмэлт өөрчлөлт 42 гэх зэргээр байна. Хамгийн гол нь энэ 149 дотор багц хуулиуд хэд байгаа вэ? Яагаад багц гэдгийг онцлох гээд байна гэхээр. Аль ч хууль бусад хуулиас холбоо хамааралгүй хууль гэж нэг ч байхгүй байх. 149 хууль дотор Засгийн газар өөрөө багц хууль оруулж ирэх нөөц, бололцоо, хүн хүч, хууль эрх зүйн талаасаа байгаа байх. Энэ талаар Засгийн газар ямар бодлого баримталж байна вэ?
Түүний асуултанд Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд урт хугацааны бодлого бол 30 жил "Алсын Хараа-2050" байна гэсэн. Дунд хугацааны бодлого 7 чиглэлийн хөтөлбөр байна гэж заасан. Энэ 7 багц хүрээндээ Засгийн газартаа 2022 онд оруулж чиглэл өгч байгаа.