Ирэх дөрвөн жилийн хугацаанд эрх зүйн орчныг боловсронгуй болгох төслийг хэлэлцлээ
2020.12.16

Ирэх дөрвөн жилийн хугацаанд эрх зүйн орчныг боловсронгуй болгох төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2020.12.16) хуралдаан боллоо. Хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.  

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, ирэх дөрвөн жилийн хугацаанд эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэж байхад Биеийн тамир, спортын улсын хорооноос ямар нэг санал оруулаагүй байгааг шүүмжиллээ. Б.Баярсайхан гишүүн Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэн, батлахаар тусгах, ингэснээр ЮНЕСКО-ийн Усан доорх Соёлын өвийг хамгаалах конвенцод нэгдэх боломж нээгдэнэ гэдэг саналыг гаргав.

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд 149 хууль тогтоомжийг нэмэлт, өөрчлөлт болон шинэчилсэн найруулга хэлбэрээр батлахаар тусгасан байгааг Ц.Мөнхцэцэг гишүүн хэллээ. Төсөлд тусгагдсан Зар сурталчилгааны тухай хууль тэргүүтэй хууль тогтоомжуудыг өөрчилж, шинэчлэхдээ хүний эрхийн мэдрэмжтэй, олон улсын жишигт нийцсэн байдлаар боловсруулж, батлах нь зүйтэй гэдэг саналыг хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг Боловсролын зээлийн санд хадгалагдаж буй 10 гаруй мянган дипломыг эздэд нь олгох асуудлыг шийдвэрлэх “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгах шаардлагатай гэдэг саналыг хэллээ.

Дараа нь төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаар санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээ тогтов.