Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.13/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
Хуулийн төслийн 23-р зүйл дээр цахим орчинд хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх гэдэг зөв. Гэхдээ бид цахим аюулгүй байдлын тухай хуулийг гаргахгүй бол цахимаар залиллан, халдлага, хүний нэр төр, албан тушаал, нийгэмд эзэлж байгаа байр суурь, тухайн хүний ураг удам, гэр бүл рүү дайрч, давшилж байна. Мөн цахимаар вирус тарааж байна.
Мөн төрийн өмчийн байгууллагууд руу цахим халдлагууд маш их нэмэгдсэн талаар тусгай албад мэдэгдэж байгаа. Цахим аюулгүй байдлыг хангахгүй бол энэ өнгөт хувьсгалын суурь болдог аюултай. Нүүрээ хааж, нэрээ хаасан тролууд маш аюултай байдлаар ханддаг аюултай. Цахим аюулгүй байдалтай холбоотойгоор Монголд 800 гаруй Хятад орж ирж цахим халдлага хийх гэж байсан тохиолдол бий. Цахим аюулгүй байдлын хуулийг тус тус оруулж ирэх гэж нэмж оруулж ирэх саналтай байна.