Оторт яваагүй малчдад өвсний дэмжлэг үзүүлж байна
2021.01.08

Оторт яваагүй малчдад өвсний дэмжлэг үзүүлж байна

Улсын хэмжээнд өвөлжилт хүндэрч буй аймгийн нэг нь Өвөрхангай юм.

Аймгийн нийт нутгаар өнгөрсөн жил зуншлага оройтож, ялангуяа говийн сумдад зун болоогүйгээс мал идэх ногоогүй зуссан. Тиймээс малчдын дийлэнх нь алсын оторт явсан ч бүл цөөтэй айлууд хол оторлож чадахгүйгээс нутагтаа өвөлжиж байгаа юм.

Тэдэнд нэн тэргүүнд өвс тэжээлийн дэмжлэг чухал байгаа учраас УИХ-ын гишүүд Засгийн газарт хүсэлт тавьж эхний ээлжинд 400 сая төгрөгийн санхүүжилт шийдүүлж, аймгийн удирдлагууд орон нутгийн сангаас 100 сая төгрөг гаргаснаар нийтдээ 500 сая төгрөгөөр өвс авч нутагтаа өвөлжиж буй малчдад үнэ төлбөргүйгээр хүргэхээр болсон юм.

Энэ ажил эхэлж Баянгол сумынхан өнөөдөр өвсөө хүлээн авч малчин өрхүүддээ тарааж эхэлснийг аймгийн Засаг дарга Д.Бямбатогтох мэдээллээ.

2020 оны тооллогоор тус сум 311441 мянган толгой мал тоолуулсан бөгөөд тэдгээрээс оторт яваагүй 548 малчин өрх, мал бүхий 140 өрхийн 160 гаруй мянган мал нутагтаа өвөлжиж буй юм. Харин 325 мянган малчин өрхийн 270 мянга гаруй мал 12 аймгийн 44 суманд оторлож байна.

Алсын оторт яваа малчдад өвс тэжээлээс илүү түлшний хэрэгцээ их байгаа тул өнгөрсөн 12-р сард УИХ-ын гишүүн С.Чинзориг аймаг орон нутагтай хамтраад нүүрсний дэмжлэг үзүүлсэн байна.