С.Чинзориг: Мах бэлтгэлийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна
Өвөрхангай аймагт сүүлийн гурван жил дараалан зуншлага оройтсоноос отор нүүдэл ихтэй, малчид өвөл хаврыг зутруухан давж байна.
Энэ жилийн хувьд аймгийн нийт нутгийн 5.0 хувь л хэвийн, 50 хувь нь гандуу, 45 хувь нь гантай зуссан. Ялангуяа говийн сумдад зун болоогүй, хадлан авах битгий хэл хамар хатгах өвсгүй зуссан билээ.
Тиймээс УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Г.Ганболд нар өнгөрсөн наймдугаар сараас хойш Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Засгийн газар, Улсын онцгой комисст удаа дараа хүсэлт тавьж, өвөлжилттэй холбоотойгоор хэд хэдэн асуудлыг шийдүүлээд байна.
Өнөөдрийн байдлаар Өвөрхангай аймгийн 1700 малчин өрхийн 1.0 сая гаруй мал 15 аймгийн 133 суманд өвөлжиж байгаа. Отрын малчдыг очсон газар нь хөөх, малыг нь элдэж хөөх, гэр орныг нь буулгах зэрэг хүндрэлтэй асуудал байнга гарч байсан учраас Засгийн газар, УОК-т хүсэлт тавьсны үр дүнд Засгийн газраас отроор очсон малчдыг хөөж туухгүй, өвөлжих нутаг ус зааж өгч, төрийн үйлчилгээ үзүүлэхэд анхаарах үүргийг орон нутгийн удирдлагуудад өгсөн байна.
Цаг хүндрэх нь тодорхой байсан тул малчдад элдэв хүндрэлгүйгээр мал, махаа борлуулахад нь дэмжлэг үзүүлэх хүсэлтийг ч гишүүд мөн Засгийн газарт тавьжээ. Ингэснээр ХХААЯ-наас Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь зэрэг зуншлага муугаас өвөлжилт хүндрэх өндөр эрсдэлтэй зургаан аймгаас 40 мянган тонн экспортын мах бэлтгэх эрхийг 14 компанид олгосны дөрөв нь Өвөрхангай аймгаас мах бэлтгэхээр гэрээ хийсэн байна. Өнгөрсөн долоо хоногт авсан мэдээгээр эдгээр компани 6500 тонн мах бэлтгэхээр, 9.0 хувь буюу 520 тонныг л бэлтгээд байгаа ажээ.
Тиймээс мах бэлтгэх ажлыг эрчимжүүлэх, гэрээ хийсэн компаниуддаа хяналт тавьж, шахаж шаардаж ажиллах талаар Хөдөө аж ахуйн сайдтай УИХ-ын гишүүд ярилцсан бөгөөд аймаг орон нутгийн удирдлагуудтай байнга холбогдож, анхаарч ажиллаж байна.