БОУАӨ-ИЙН САЙД С.ОДОНТУЯА ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа есдүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн салбар газрууддаа ажиллав.
Сайд, салбар газрын дарга нарын багтсан томилолтын баг эхлээд Өвөрхангай аймгийн Байгаль орчны газрын үйл ажиллагаатай танилцлаа. Тус газар нь аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар явуулж байгаа төрийн бодлого шийдвэрийг аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх үүрэг бүхий орон нутгийн бие даасан агентлаг юм. Нийт 33 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг тус газар нь салбарын сайдад хандан Ногоон байгууламжийн тухай хуулийг яаралтай батлуулах, Арвайхээр сум дахь дулааны цахилгаан станцын барилгын тодорхойгүй шалтгаанаар зогсоод байгаа ажлыг үргэлжлүүлэх, мөн тус станцын барилгын шугам сүлжээний ажлыг шийдвэрлэх зэрэг зургаан шийдвэрлэх шаардлагатай асуудлаа салбарын сайдад уламжиллаа.
Мөн цаашид улсын төсвөөр хийгдэх ойжуулалт, ойн зурвас байгуулах ажлын тоо хэмжээг тус аймагт нэмэгдүүлэх, Ойн дагалт баялаг ашиглах журамд өөрчлөлт оруулах, улсын тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын чиглэлээр олгогдсон газрын сунгалтыг хурдан шийдвэрлэх, сунгагдах боломжгүй газруудыг чөлөөлүүлэх, аялал жуулчлалын чиглэлийн бизнес эрхлэгчдийн Ногоон зээл хөтөлбөрт хамруулах ажлыг эрчимжүүлэх зэрэг 10 гаруй хэрэгжүүлэх шаардлагатай асуудал байгааг онцлов
Үргэлжлүүлэн Онги-Таац голын сав газрын захиргаа нь сав газрын хэмжээнд усны нөөцийн хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, усны нөөцийг нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх Төрийн захиргааны байгууллага юм.
Тус сав газрын захиргаанаас салбарын сайдад хандан албан хаагчдын цалинг аймаг, суманд ажиллаж байгаа албан хаагчид ижил болгох, орон нутгийн нэмэгдлийг олгох, албан хаагчдын техник тоног төхөөрөмжийг сайжруулах, шинэчлэх зэрэг долоон шийдвэрлэх асуудлаа танилцууллаа.
Холбоотой мэдээ
2024.11.04
2024.10.31
2024.10.30