2020.12.10
Б.Саранчимэг: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлд ямар ахиц, өөрчлөлт гарч байна вэ?
Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өчигдөр /2020.12.09/Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засгийн газрын тайланг сонслоо.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг асуулт асуулаа:
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн шинэчилсэн найруулгыг 2016 оны 12 сард баталсан. Энэ хуулийн гол онцлог гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцохоор болсон. 2017 оны 1 сараас хэдэн гэмт хэрэг бүртгэгдэж, хэд нь шүүхээр шийдэгдсэн байгаа вэ? Хамгийн гол нь хүүхдийн хүчирхийлэл хэдэн хувийг эзэлж байна вэ?
Энэ дөрвөн жилийн хугацаанд гарсан хэргүүд дээр дүн шинжилгээ, судалгаа хийсэн гэж бодож байна. Хуулийн хэрэгжилтийн үр дүн бол дүн шинжилгээ дээр гарсан байх ёстой гэж үзэж байгаа учраас энэ тал дээр тодруулга авъя. Дараагийн гол асуудал бол гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах, хүчирхийлэгчийг тогтоож шийтгэхээс гадна ялангуяа гэр бүлд байгаа хүүхдийн эцэг, хойд эцэг, асран хамгаалагч, өвөө зэрэг хүмүүсийн хүчирхийлэлд өртөж байхад эх болон асран хамгаалагч нарын эс үйлдэл, үл тоох байдалд хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна. Ингэснээр асран хамгаалагч нарын хариуцлага дээрдэнэ гэж үзэж байгаа учраас та бүхэн энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ?
Хөл хорио, тусгаарлалт нь аюулгүй байдал, эрүүл мэнд, мөнгөний түгшүүрээс үүдэлтэй, хурцадмал байдлыг өдөөж, гэр бүлийн хүчирхийлэлийн дүн нэмэгдсэн харагдаж байна. Өнгөрсөн аравдугаар сард хүүхдийн байцаагчийн тоог 103-аар нэмсэн байгаа. Энэ хугацаанд хүүхдийн байцаагч нар ямар бодит ажил хийсэн бэ? Өнөөдрийн цар тахлын үед урьдчилан сэргийлэх тал дээр ямар ажлууд хийгдсэн байгаа вэ? Урьдчилан сэргийлэхэд ямар нэгэн хүндрэл гарч байна уу?
Түүний асуултанд ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.
2017 оны 2-р сарын 01-ээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор 2017 оны 2-р сарын 01-ээс Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцсон. 2017 оноос бүрэн Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэсэн гэмт хэрэг бүртгэгдэж эхэлсэн.