2020.11.13
Ж.Сүхбаатар: Банкны зээлийн хүүг царцаах боломж бий юу?
УИХ-ын өнөөдрийн /2020.11.13/ нэгдсэн чуулган цахимаар хуралдаж байна. Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар асуулт асуулаа:
Олон хүмүүс банкны зээл, хүүгээ яах вэ? Царцаах уу гэж асууж байна. Барилга байгууламжинд хэчнээн хэмжээний хөрөнгө зарцуулахаар төсөвлөсөн бэ? Үүнийгээ царцааж болох уу? Барилга гэсэн объектэд хэчнээн хэмжээний мөнгө зарахаар төсөвлөсөн байна вэ?
Энэ оны төсвийг тодотгох асуудал дахин гарч магадгүй. Иргэдийн хүсэн хүлээж байгаа зүйл бол бидэнд үзүүлэх дэмжлэг юу вэ? Засгийн газар үзүүлэх дэмжлэг, багцаа зарлах ёстой.
Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.
Ирэх жилийн хөрөнгө оруулалт дээр хэрэгжээд явж байгаа төслүүдийг хасч, зогсоож болохгүй. Энэ нь тухайн аж ахуйн нэгждээ ч, эдийн засагтаа ч сөрөг нөлөөтэй. Нийтдээ 2021 оны төсөв дээр 457 шинээр эхлэх хөрөнгө оруулалтын төсөл байгаа. Үүний санхүүжилт нь 384.7 тэрбум төгрөг байна. Шинээр эхлэх төслүүд дээ эрэмбэлж байгаад харж шийдэж болох байх.