2020.11.13

Б.Баттөмөр: Төсвийн тодотгол хийхдээ хөгжлийн бодлогын бичиг баримтуудтай уялдуулах шаардлагатай

УИХ-ын өнөөдрийн /2020.11.13/ нэгдсэн чуулган цахимаар хуралдаж байна. Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр асуулт асуулаа:

2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө, Тогтвортой хөгжил-2030 гээд хөгжлийн баримт бичигүүд бий. Энэ баримт бичгүүдтэй сайн уялдсан гэж хэлэхэд төвөгтэй байна. Төсвийн тодотголынхоо үедээ энэ зүйлсийг засах нь зүйтэй байна. Газрын албаны бүртгэлжүүлэлт хангалтгүйгээс 110 тэрбум төгрөг авч чадаагүй гэж байна. Энэ бол маш хариуцлагагүй асуудал юм. Газрын байцаагч бүх газарт байна. Улаанбаатар хотод хүн амын тэн хагас нь амьдарч байна. Зарим үед бид түгжрэлээс болоод автозам дээр тэг зогсолт хийж байна. 

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.

Түгжрэлийг бууруулах арга хэмжээ бол багц байвал илүү үр дүнд хүрнэ. Улаанбаатар хотын утааг бууруулахад бүх зүйлийг бэлдэж байгаад авч хэрэгжүүлсэн байдаг. Тэгэхээр түгжрэлийг бууруулахын тулд Засгийн газар багц байдлаар нь судлаж хийгээд явж байна. Удахгүй багц байдлаар нь оруулж танилцуулна.