Сейшелийн арлууд “хамтралаас- диваажин “ –нд хүрчээ
2011.07.05

Сейшелийн арлууд “хамтралаас- диваажин “ –нд хүрчээ

Сейшелийн арлууд Бүгд найрамдах улс тусгаар тогтнолын 35 жилийн ойгоо 6-р сарын 28-нд тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэ улс нэг хүнд ногдох орлогоороо Африкийн орнуудын дунд 2-р байр эзэлдэг нь тохиолдол биш юм. Сейшел олон улсын бизнесийн хөгжилд чухал үүрэгтэй, сонирхол татсан нутаг болж манай гарагийн санхүүгийн салбарт том байр суурь эзлэх болжээ.  Хамгийн гол нь Сейшел бол дэлхийн VIP жуулчлалын хамгийн алдартай төв бүс нутаг.  Энэ улсын эрх баригчид байгаль экологио хайрлан хамгаалах асуудалд өндөр ач холбогдол өгдөг учраас Сейшел онгон дагшин байгальтай, төрөл бүрийн шувуу, мөлхөгч, загастай дэлхийн цөөхөн газрын нэг болсон байна. Зөвхөн энд л 250кг жинтэй аварга том яст мэлхийг харж болно.  

Сейшелийн тусгаар тогтносон түүх нь тун сонирхолтой. XVIII зууны дунд үе хүртэл эдгээр арал нь далайн дээрэмчдийн орогнол байх үед Францчууд тэднийг хөөн, арлыг одоогийн нэрийг өгчээ. Энэ нэр нь Францын XV Людовик хааны Сангийн сайдын нэр ажээ. Францын колоничлолын он жилүүдэд энэ улсад Африкаас асар олон боолуудыг  авч ирэн наргил мод, ванилийн тариалангийн газруудад ажиллуулах болжээ. Гэвч францчууд энд удаагүй юм. Их Британи улс Францын Ялгуусан хувьсгалыг далимдуулан Сейшелийг тэднээс булаан авлаа. 1835 онд Сейшелд боолчлолыг албан ёсоор хориглон ч тэд тусгаар улс болтлоо боолчлолоос ангид байж чадаагүй юм.

Тусгаар тогтнолоо олсноос жилийн дараа буюу 1977 оны 6-р сард Сейшелийн Ард түмний дэвшилтэт фронтын (SPUP) марксистууд өрнөдийнхнийг дэмждэг ардчилагчдыг түлхэн унагалаа. Тэд цэргийн коммунизмын чиг хандлагатай,  нэг намын системийг тогтоов. Марксистууд хөдөө аж ахуйн газруудыг эздээс нь булаан авч, асар олон тооны хамтрал, сангийн аж ахуй байгуулсан юм.

 

Альберт Рене

Марксистуудын лидер Альберт Рене Ерөнхий сайд боллоо. Альберт Рене франц хүн бөгөөд колонийн захиргаанд хуулийн ажилтан байсан аж. Тэрбээр Европт сурч байхдаа Английн зүүнийхэнтэй нийлжээ.  Англичууд өөрсдөө засгийн эрхэнд зүүний радикалууд гарч ирэх үндсийг тавьсан юм. Тэд Сейшелээс явахаасаа өмнө Энэтхэгийн далайн хэд, хэдэн  арлыг таслан энэ хэсэгт хяналтаа тогтоосон юм. Англичууд тэнд хаалттай цэргийн баазуудыг байгуулснаас хамгийн том нь Диего-Гарси. Энд стратегийн бөмбөгдөгч онгоцнуудыг хүлээн авах чадалтай, бүс нутагтаа хамгийн томд орох агаарын цэргийн бааз бий. Бүр цөмийн зэвсэг ч хадгалагдаж байдаг. Англичууд өөрт таалагдсан арлуудаас сейшелчүүдийг хөөсөөр байсан нь тэднийг радикал үзэлтнүүдийн гол цөм болгон хувиргасан.  Түүгээр ч барахгүй радикалууд Энэтхэгийн далайн бүх эзэмшлээс нь англичуудыг хөөхөөр шийдсэн юм.


Рене дэлхий дахинд өөрийгөө Зөвлөлт хэлбэрийн коммунист биш гэдгээ зарлаж, “Би Энэтхэгийн далайн социализм хэмээх үзэл санааг мөрдөнө” гэж мэдэгдсэн. Тэгээд тэр газрын эрс шинэчлэл хийж, бүх том газар эзэмшигч, өмчтөнийг  хөөсөн нь сөрөг хүчний эсэргүүцэл улам дэврээсэн юм. 1979 онд Рене өөрийнхөөс өөр бүх намыг хориглож, социалист улс байгуулахаа зарлажээ. Тэр өөрийг нь эсэргүүцэгчдийг хавчин гадуурхаж, тамлаж зовоож байв. Эцэст нь хүн амын дийлэнх хэсэг хүнд амьдралыг даалгүй гадаад дүрвэх болжээ. Өрнөдийнхөн халуун орны диваажинг  там болгож байгаа Ренегийн энэ дэглэмийг тогтворгүй, тун удахгүй сүйрнэ гэж үзэж байлаа.


Сейшелийн марксистууд дараа нь англичууд америкчууд руу халдан, өрнөдийнхний дургүйг хүргэх боллоо. Диего-Гарсияд АНУ нууц шорон байгуулсныг Рене олж мэдсэн байлаа. Тэнд АНУ-ын Тагнуулын төв газрын /ТТГ/ яргачид Америкийн ардчилагчдыг эсэргүүцэгчдийг тамлаж байдаг аж. Энэ бүх шалтгааны улмаас өрнөдийн тусгай албаныхан нэлээд хэдэн удаа Ренег авч хаяхыг оролдсон юм. Учир нь тэр социалист эр Их Британи болон түүний холбоотнуудын геополитикийн сонирхолд ноцтой аюул учруулах болжээ. Ингээд 1979, 1981, 1986, 1987 онд бослого гаргах гэж оролдсон ч бүтэлгүйтэв. Эдгээрээс хамгийн далайцтай, ичгүүргүй эргэлт хийх оролдлогоо 1981 онд хийлээ. Өмнөд Африкийн хөлснийхөн Сейшелийн “улааныхан”-ыг авч хаяхыг оролдсон ч бас л төлөвлөгөө нурлаа.  ТТГ туслаад ч нэмэр болсонгүй. Яагаад гэвэл Рене арлынханд сайн итгэдэггүй байсан. Халуун орны уур амьсгал хүмүүсийг залхуу, хэнэггүй амар амгалан болгодог гэж тэр үздэг учраас аюулгүйн асуудлаа умард Солонгосчуудад даатгасан юм. Умард Солонгосчууд энэ тал дээр алдартай улс. Тэрхүү бүтээгүй бослогын нөхөн төлбөр болгож, Сейшел 3 сая гаруй доллар салгажээ.

 

1985 онд түүний хүмүүс Лондонд Ренегийн улстөрийн гол өрсөлдөгч Үндэсний намын тэргүүн Жерар Оарег устгасан юм. ЗХУ сүйрсний дараа ч Рене ганцаараа улс орноо /1979-1993 онд/ удирдсаар байсан. Гэхдээ Зөвлөлтийн дэмжлэггүй “Энэтхэгийн далайн социализм” хоногоо тоолж эхэлсэн байна.


Жеймс Мишель

“Сейшелийн хамтралын коммунизм” хүлээсэн үр дүн авч ирсэнгүй. Хөдөө аж ахуй уналтад орж, санхүүгийн өөр эх үүсвэрийн тухай бодох хэрэгтэй болжээ. Ренегийн балрах цаг ирлээ гэцгээж байв. Харин тэр гарц олжээ. Сейшел арлууд дээр аялал жуулчлалыг хөгжүүлж, онгон байгалийг хайрлан хамгаалах шинэ гарцыг гаргалаа. Тэрээр 2004 онд өөрийн хүсэлтээр албан тушаалаа дэд ерөнхийлөгч Жеймс Мишельд өгсөн юм. Энэ үеэр Рене амьдралынхаа сүүлчийн өдрийг 3 дахь эхнэрийнхээ хамт түүнд зориулан бэлдсэн Австралийн ранчодоо өнгөрөөнө гэж мэдэгджээ.


Чухам Рене буюу “хамтралчин”, “Энэтхэгийн далайн социалист эр” л Сейшелийн арлуудыг өнөөгийн түвшинд хүргэсэн юм.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.