БХЯ бодлого, зорилтоо сурталчлав
2011.06.22

БХЯ бодлого, зорилтоо сурталчлав

Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах бүтэн өдрийн цогц арга хэмжээ Орхон аймагт боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ, Засгийн Газрын гишүүн, БХ-ын сайд Л.Болд, УИХ-ын гишүүн Д.Одхүү, яамны зарим генерал, офицерууд, Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын жүжигчид оролцлоо.

БХ-ын сайд Л.Болд, Өнөөдөр бид Эрдэнэт хот байгуулагдсаны 35 жилийн ойн өмнөхөн Батлан хамгаалах яамны бодлого, зорилтыг сурталчлахаар томоохон бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирлээ. Орхон аймгийн удирдлага, ард иргэд эх орноо батлан хамгаалах үйл ажиллагааг гүнээ хүндэтгэн, хуулиар хүлээсэн үүргээ зохих түвшинд гүйцэтгэхийн зэрэгцээ, төрийн батлан хамгаалах бодлого зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлж байгааг хэлэхэд таатай байна. Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, олон талт үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх зорилтыг хангахын тулд барилга инженерийн анги, салбарыг байгуулж байна. Энэ нь Оюу толгой, Таван толгой зэрэг томоохон орд газрууд, мянганы замын бүтээн байгуулалтанд дэмжлэг үзүүлж, улс орны зах зээлийн чухал ач холбогдол бүхий эдгээр орд газруудын аюулгүй байдал, орон нутгийн хамгаалалтыг бэхжүүлэхэд чиглэгдэж байгааг хэлэх нь зүйтэй.

Тус аймагт зохион байгуулж байгаа Батлан хамгаалах бодлого, зорилт сурталчлах арга хэмжээнд аймгийн төр захиргаа, ТББ, нийт иргэд өргөнөөр оролцоно гэдэгт итгэж байна гэлээ.Дараа нь Батлан хамгаалах салбарт олон жил идэвх зүтгэлтэй ажилласан зарим офицерийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнасан одон, медалийг гардуулж баяр хүргэлээ, Мөн Зэвсэгт хүчний 186-дугаар ангид «Портер» машин, аймгийн Цэргийн хэлтэст компьютерийн иж бүрдэл гардуулж өгсөн юм. Хүндэтгэлийн жагсаалын үеэр цэрэг дайчдын үзүүлэх тоглолт, шүхрийн буулт болов.Батлан хамгаалах бодлого,зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах арга хэмжээний хүрээнд Ерөнхий сайд асан А.Амарын хөшөөнд цэцэг өргөж, Батлан хамгаалах сургууль, Цэргийн академийн сурталчилгааны арга хэмжээ болж, «Уурхайчин» соёлын ордонд зэвсэгт хүчний зэвсэг, техникийн биет үзмэр дүрэмт хувцасны «Бөртэ» компанийн үзэсгэлэн нээгдлээ.Түүнчлэн Конго, Баруун Сахар, Сьерра-Леон, Ирак, Афганистан, Судан улсуудад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүний танилцуулга, «Гэрээт цэрэг- ажлын байр» сэдэвт гэрээт цэргийн сурталчилгааны ажил явагдаж, энэ үеэр 10 орчим залуу гэрээт цэрэг болохоор өргөдлөө өгөв. 

Тэд дүрэмт хувцас өмсөж, цалин авах бөгөөд хоёр жилийн дараа цаашид цэргийн мэргэжлээр суралцах хүсэлтэй бол Төрийн сангийн дэмжлэгийг хамгийн түрүүнд хүртэх юм байна.Түүнчлэн уг арга хэмжээнд зориулсан хурал, БЦЦБЭЧ-ын жүжигчдийн тоглолт болов. «Хангарьд палао-т 64 бөхийн барилдаан болж, Улсын гарьд И.Доржсамбуу түрүүллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.