“Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг зөвшилцөв
Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хуралдааны эхэнд зөвшилцөв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Монгол Улсад КОВИД-19 цар тахлын тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх багц арга хэмжээний хүрээнд “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилтээр 2020-2023 оны хооронд 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон.
Төслийн хүрээнд үндсэн хоёр арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Нэгдүгээрт, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг сайжруулах, бичил бизнес эрхлэгчдэд хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ. Хоёрдугаарт, коронавируст цар тахлын тархалтын үед шаардлага хангасан даатгуулагчдыг шимтгэл төлөх үүргээс түр хугацаанд чөлөөлж байгаатай холбогдуулан нийгмийн даатгалын санд үүсэх санхүүгийн дарамтыг бууруулахад зориулагдана хэмээн Сангийн сайд танилцуулав.
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас нийт 20.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг олгох бөгөөд зээлийн хүү 1.25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, үйлчилгээний хураамж 0.75 хувь, зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна.
Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Д.Батлут нар асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, зээлийн хэлэлцээрийн хүрээнд олгогдох санхүүжилтийг хэрхэн юунд зарцуулах, бичил бизнес эрхлэгчдэд олгох зээлийн хүүг хэрхэн тооцох зэргийг тодруулсан гишүүдийн асуултад “Бичил болон жижиг бизнес эрхлэгчдэд зээл болгож гаргана. Ингэхдээ банкаар дамжуулан олгох бөгөөд иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 5-10 сая төгрөгийн зээлийг 2 жил хүртэл хугацаатай олгогдоход зарцуулагдана. Мөн зээл авах хүсэлт гаргасан иргэн, бичил бизнес эрхлэгчдэд ур чадвар олгох болон ажлын байр хайж байгаа иргэдэд зориулсан сургалтуудыг зохион байгуулахад зарцуулна. Харин зээлийн хүүг Дэлхийн банктай хийсэн хэлэлцээрийн дагуу сүүлийн 3 жилийн инфляцын түвшний дунджаар тооцож тогтооно” хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Амартөгс хариулав.