2020.04.10

М.Билэгт: 30сая доллараа залуусыг хөдөө аж ахуйн салбарт татах хөшүүрэг болгон ашиглах хэрэгтэй

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн \2020.04.10\  хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Дэлхийн банкны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 2013-2017 онд амжилттай хэрэгжсэн "Хөдөө аж ахуйн маркетинг" төслийн хоёрдугаар үе шат болох "Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлэх юм.

Мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, мал эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, чадавхжуулах, малын эрүүл мэндийн чиглэлээр тулгамдаж байгаа томоохон асуудлуудыг шийдвэрлэх тус төслийг 14 аймгийн 150 сум болон Улаанбаатар хотод хэрэгжүүлнэ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт

Цар тахлын хүрээнд хөнгөлөлттэй зээл яаралтай гаднаас авч шийдүүлж байгаа нь зөв. Гэхдээ эцэстээ бид биш хойч ирээдүй л төлнө. Хөнгөлөлттэй ч гэсэн гадны банкуудад зээлийн хүүг жил бүр төлнө 20 жилийн дараа хэд болох вэ гэдгийг бодох хэрэгтэй.

Хөдөө ихэнхдээ ахмад малчидтай болсон. Малаа маллахаас биш түүхий эдийг  боловсруулан гаргахад хүч нь хүрэхгүй  байна. Тиймээс энэхүү 30 сая доллараар үрждэг нөхөн сэргээгддэг баялаг болох мал аж ахуйн салбар  дээр залуусыг татаж ажилтай орлоготой болох идэвхийг бий болгох хөшүүрэг болгон ашиглах хэрэгтэй байна.  Энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ. 

Түүний асуултанд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хариуллаа.