Ц.Мөнх-Оргил: Ковид-19-тэй холбогдуулан авч байгаа зээлүүд хүндээ хүрч чадаж байна уу?
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2020.10.29/ ээлжит хуралдаан боллоо. Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/; хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил асуулт асуулаа:
Бид нар Ковид-19-тэй холбогдуулаад зээл аваад байдаг. Энэ мөнгө хүндээ хүрч чадаж байна уу? Үүнтэй холбоотой авах ёстой тоног төхөөрөмж, хэрэгслүүд орж ирсэн үү? 300 амьсгалын аппарат одоо болтол орж ирээгүй бол худалдан авалтыг хурдасгах ямар арга байна.
20 сая ам.доллараар ХНХЯ-ныхан ажлын байр нэмэгдүүлэх, бичил зээл олгох ажлууд хийнэ гэсэн байна. Хэдэн ажлын байр нэмэгдээд, хэдэн хүнд бичил зээл олгогдох вэ? Тооцоо, судалгаа байна уу?
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд та нар харж үзсэн үү? Энэ олон хөдөлмөр халамжийн газрууд, зуучлалын компаниуд нийлээд төр хувийн хэвшлийн байгууллага болж нэгдээд, ажлын байр нэмэгдүүлж чадаж байна уу? Төрөөс ажлын байр нэмэгдүүлэх ажил чинь хэр үр дүнтэй байна вэ?