"Тогтвортой амьжиргаа 3" төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.14\ хуралдаанаар, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд танилцууллаа.
Дэлхийн банкны Олон Улсын Хөгжлийн ассоциацитай хамтран 2002 оноос хойш хэрэгжүүлж буй "Тогтвортой амьжиргаа" төслийн 1, 2 дугаар шатны хүрээнд орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний чанарыг сайжруулахад нийт 65.7 сая ам.долларын төсөл хэрэгжжээ. “Тогтвортой амьжиргаа-3” төсөл нь 2014 оноос хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн (ОНХС) үйл ажиллагааны журам, холбогдох хууль, эрх зүйн өөрчлөлтүүдийг сайжруулан боловсруулж, батлуулж, мөрдүүлэх, орон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоотойгоор ОНХС-ийн үйл ажиллагааг үр дүнтэй удирдан зохион байгуулахад аймаг, сумын төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, төслийн хүрээнд хийгдэж буй жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр сумдад гүйцэтгэлд суурилсан урамшууллыг нэмж санхүүжүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байна. Төслийн үр дүнд ОНХС-ийн удирдлага, зохион байгуулалт сайжирч байгаа бөгөөд төслийг ийнхүү дэмжсэнээр орон нутгийн хөгжлийг дэмжих, төсвийн төвлөрлийг сааруулах, уул уурхайн орлогоос ашиг хүртэх, Монгол орны бүс нутгийн хөгжлийг тогтворжуулахад үр дүнтэй байгаа тул -Тогтвортой амьжиргаа-3” төслийн хөгжлийн нөлөөллийг цаашид тогтвортой байлгахад туслах зорилгоор Дэлхийн банкнаас төслийг одоогийн дуусах огноо болох 2020 оны 10-р сарын 31-ний өдрөөс эхлэн хоёр жилээр сунгаж, нэмэлт 12 сая ам.доллар санхүүжилтийг Дэлхийн банкнаас олгохоор шийдвэрлээд байна. Зээлийн санхүүжилтийг Олон улсын хөгжпийн ассоциациас олгох бөгөөд зээлийн хүү 1.25, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75 байх ба зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө гэж танилцуулгад дурджээ.