2020.08.21

М.Оюунчимэг: Зээлийн хүү аль шатандаа хөөсөрч буйг тогтоох хэрэгтэй

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2020.08.21) үдээс хойших нэгдсэн хуралдаан 16 цаг 55 минутад эхэлж, “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Улсын Их Хурлын гишүүд Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

“Зээлийн хүүг бууруулах энэ ажил өнгөрсөн 4 жил яригдсан. Миний бие 10-аад гишүүдтэй хамтран хэд хэдэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр ажиллаж байсан. Монголбанкны зүгээс зээлийн хүүгийн дээд хязгаарыг зааж өгөх заалт оруулж ирэх гээд тусгаад чуулган дээр дэмжигдээгүй. Өөр гишүүд ч стратеги оруулж ирээд яваагүй. Учир нь бид хэт хүчээр улс төрийн эрс шийдлийг хийнэ гэж ярьж байгаа ч энэ нь өөрөө бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгаа учраас энэ удаагийн төлөвлөгөө хүлээлт байгаа шиг өмнөх алдааг давтахгүйгээр хэрэгжих нөхцөл механизмыг бүрдээсэй гэсэндээ асуудалд хандаж байна. Зээлийн хүү буурах чиглэлийг 100% дэмжиж байна. Иргэд, ААН зээлийн хүүгээс босч чадахгүй болтлоо хүнд байгааг ойлгож байна. Тиймээс зах зээлийн хууль, зарчимдаа нийцэхгүй хэрэгжих боломжгүй юм байна гэдгийг харсан.

Сүүлийн 15 жил энэ асуудал маш их яригддаг ч бүтдэггүй. Хүү өндөр байгаа нь хаанаа их хөөсрөөд байгааг олж тогтоогоод тэндээ арга хэмжээ авахгүй бол цааш явахгүй. Бид салбарын том монополь 5 банкыг яриад байна. Судалгаа хийгээд үзэхээр ыбанкны зээлийн хүүгийн орлого нь 5 их наядаас 3 их наяд нь хадгаламжийн хүүгийн орлого байсан. Тэгэхээр ямар өндөр зардал хадгаламжинд гарч байгааг харах ёстой. Энэ өндөр хүүг монополь тогтоолгохгүйн тулд банк, санхүүгийн механизм өөрөө тогтвортой байх нь чухал. Энэ монополь байдлыг задлахын тулд төр хөөсрөөд байгаа хэсэгт арга хэмжээ авах ёстой.

Тогтвортой байдлыг хангахын тулд банк үндсэн хөрөнгө байх ёстой. Гэхдээ 300-400 тэрбум байх ёстой юу? ингээд хатуу тогтоохоор монополь бий болно. Өөрийн болон гадны банк ч өрсөлдөөд орж ирэхгүй. Тиймээс энэ өндөр зардлыг бууруулж байж монополь хэдхэн банкны өөрсдийн зах зээлд өндөр тогтоогоод байгаа хүүг бууруулж чадна.

Монголбанкнаас асуумаар байна. Гаадаадын банкыг оруулж ирэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэсэн байна. Бид энэ их хурал энэ орчныг бүрдүүлж чадах уу? Ажлын хэсэг тусгайлан гаргах ёстой байх. Мөн Валютын зохицуулалтын хуулийг батлуулна гэсэн байна. Би өмнөх парламентад уг хуулийн төслийг санаачлагч гишүүдийн нэг. Гэхдээ энэ хуулийг “унтуулчихсан” Тиймээс энэ хуулийг гаргах сонирхол алга. Ер нь л хар захаар валютын гүйлгээ дээр зах зээлийн зарчмаар явах сонирхолтой юм байна лээ. Тиймээс валютын хар зах дээр хэрхэн эргэлдэж байгаа болон бусад холбогдох мэдээллийг судалж байж эрх зүйн орчныг нь бүрдүүлэх шаардлагатай шүү.”