“Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв
2020.08.28

“Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2020.08.27) хуралдаанаар  “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулав.

Коронавируст халдварын цар тахлын үргэлжлэх хугацаа, үзүүлэх хүндрэлийг бүрэн тооцох боломжгүй, үүсээд байгаа сөрөг нөлөөллийг нийгэм, эдийн засагт хохирол, эрсдэл багатайгаар даван туулахад зээлийн хүүд нөлөөлж байгаа суурь шалтгааныг судалж, зээлийн хүүг бууруулахад баримтлах бодлогын чиглэлийг тодорхойлох шаардлагатай тулгараад байна. Энэхүү стратегийн зорилтот түвшинг хангахын тулд инфляцыг тогтвортой, нам төвшинд байлгах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, улсын гадаад өрийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийг төрөлжүүлэх, дотоод хуримтлалыг нэмэгдүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг олшруулах зэрэг нарийвчилсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх юм. Тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор улсын төсөвт шууд нөлөө үзүүлэхгүй гэж хууль санаачлагч үзсэн байна.

Байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр техникийн алдааг засах зорилгоор тогтоолын төслийн 2 дахь заалтын “жилийн” гэснийг “сарын” гэж өөрчлөх; гишүүн С.Чинзориг иргэдийн орлого зарцуулалтад сөрөг нөлөө үзүүлж байгаа хэрэглээний зээлийн дарамтыг бууруулах зорилгоор банкны зээлийн бүтээгдэхүүнийг боловсронгуй болгож, иргэдийн шууд орлогоор барьцаалсан бүтээгдэхүүнд өөрчлөлт оруулах; гишүүн Т.Доржханд дэлхийн олон оронд ашиглаж байгаа шийдлийг хэрэгжүүлж мөнгө хүүлэлтийг хязгаарлах зорилгоор зээлийн хүүгийн хязгаарыг тогтоох тухай заалт шинээр нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр төслийн хавсралтын 1.6.1 дэх дэд заалтад хэрэгжүүлэх хугацааг “2020-2024” гэж нэмэх; мөн хавсралтын 2.1 дэх заалтын “2020-2021” гэснийг хасах; гишүүн Ж.Ганбаатар 2.1.3 дахь дэд заалт буюу банкны зээлийн хоёрдогч захыг активын удирдлагын мэргэшсэн институцийн хүрээнд зохицуулах нь банкнуудын хариуцлагыг сулруулах бөгөөд салбарт авчрах сөрөг нөлөө их байгааг дурдаж, энэ заалтыг хасах; гишүүн Х.Ганхуяг тогтоолын хэрэгжүүлэх хугацааг 2021 оны эцэс байхаар өөрчлөх; гишүүн Т.Доржханд банкны тусгай зөвшөөрлийг ангилдаг болох, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд Засгийн газрын бонд гаргаж, хөрөнгө оруулагчдад шинэ бүтээгдэхүүн санал болгож өрсөлдөөнийг дэмжих хөшүүрэг бий болгох, хадгаламжийн хэмжээнээс хамаарч хүүгийн орлогод шаталсан татвар тогтоох гэсэн санал тус тус гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл, тайлбар авсан. Дараа нь “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ