2022.01.11
Г.Амартүвшин: Зээлийн жигнэсэн дундаж хүү буурсан харагдана
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2022.01.11/ хуралдаанаар Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцтай танилцлаа.
Танилцуулгын үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:
Зээлийн жигнэсэн дундаж хүү нь буурсан харагдана. Цалингийн зээлийн багцын дундаж хүү нь хэд байгаа вэ? Иргэдийн зүгээс зээлийн хүү буураагүй гэх санал гомдол цөөнгүй гарч байна.
Жигнэсэн дундаж хүүнд ипотекийн зээл орсон байгаа юу? Ороогүй бол дундаж зээлийн түвшин нь ямархуу байна вэ?
10 их наяд хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкууд шинэ зээл гэхээсээ илүүтэй өмнө гаргасан харилцагчдын зээлийг дахин санхүүжүүлсэн. Хэмжээ нь ямар түвшинд байгаа вэ?
Гадаадын санхүүжилтын эх үүсвэрийг манай арилжааны банкууд ямар хэмжээнд татан төвлөрүүлж чадаж байна вэ?
Банкууд хугацаа хэтрээд муудсан зээлэн дээр барьцаа хөрөнгөөр хангуулах гэж нэлээн хугацаа шаарддаг байсан. Энэ гацаа арилсан уу? Үүнийг сайжруулахад эрх зүйн ямар зүйл заалт шаардлагатай байна вэ?
Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.