Н.Учралтай хүчээ нэтгэж, хөгжье, сонгинохайрханчууд аа!
Ням-Осорын Учрал. Тэр мэдлэг боловсролоороо залуу үеийнхнийг түүчээлж, түмний дуу хоолой болж чадсан учир сонгинохайрханчууд өнгөрсөн дөрвөн жилд итгэл хүлээлгэсэн. Итгэлийг нь алдалгүй тойрогтоо тулгамдсан асуудлууд болоод сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, олон жил аав, ээжтэйгээ уулзаагүй хүүхдүүдийг “Учралын баяр”-аар уулзуулахын зэрэгцээ хууль тогтоох үндсэн үүргээ чамбай гүйцэтгэсэн нэгэн.
Тэр 2016 оноос хойш 10 гаруй хуулийн төсөл батлуулжээ. Тухайлбал, олон жил яригдсан Залуучуудын хөгжлийн тухай, Багшийн хөгжлийн тухай, Инновоци оюуны өмчийн тухай гэх мэт хуулийг батлуулсан гол автор нь Н.Учрал.
Одоо түүнд эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлж хийх эрх мэдэл, хүч хэрэгтэй байна. Энэ удаагийн парламентаар Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийгээд завсарласан. Уг төслийг санаачлагчдын нэг нь Н.Учрал. Тиймээс тэр дахин сонгогдвол эл хуулийг батлуулж, удаан хүлээсэн ахмадуудын магнай тэнийх нь ээ. Учир юу гэвэл, өнөөдөр нийт тэтгэвэр авагчдын 80 аас доош хувь нь 420 мянга хүртэл төгрөг авч байна. Тэгвэл Хувийн тэтгэврийн тухай хууль батлагдсанаар багадаа 777 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг болох эрх зүйн орчин бүрдэх юм.
Энэ хууль батлагдахыг ахмадууд тэсэн ядан хүлээж байна. Насаараа нийгмийн сайн сайхан, хөгжил цэцэглэлтийн төлөө хөдөлмөрлөчихөөд гавьяаныхаа амралтад гарахад тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр нь тогтдог жишиг манайд бий. Дэлхийн бусад оронд ахмадууд тэтгэврээрээ хангалуун амьдраад, бүр ийш тийш аялахад хүрэлцдэг бол манай өндөр настнууд зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Авдаг тэтгэвэр нь амьдралд нь хүрэлцдэггүй учраас зээл авахаас өөр аргагүй болдог. Монголын ахмадууд өдөрт, сард уух эмээ ч авч хүрэхгүй тэтгэвэр авдаг нь өнөөгийн нийгмийн бодит үнэн төрх. Үүнийг халах ёстой гэж олон жил ярьдаг ч нийгмийн даатгалын сангийн мөнгө хүрнэ, хүрэхгүй, эв санааны зарчим гээд толгой эргэм олон тайлбар хэлдэг, ам тагладаг.
Тэгвэл бид тэтгэврийн тогтолцоонд шинэчлэлт хийх ёстой юм биш үү. Энэ байдалд өрсөлдөөн бий болгож, зах зээлийн зарчмаар хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байсаар байна. Үүнийг үе үеийн Засгийн газар мэддэг ч халдаж зүрхэлдэггүй, барьж аваад хэрэгжүүлж чадалгүй өнөөдрийг хүрч, ахмадууд хохирсоор, ядуу зүдүү байдал ноёлох болов.
Бодит өрсөлдөөн бий болвол ахмадууд тэтгэврээрээ анхдагч хэрэгцээгээ хангаад, эм тариагаа авахад өлхөн хүрдэг болно. Энэ нь тус салбарт хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх юм. Үүнийг хуульчилж өгвөл нийгмийн даатгалд төлж байгаа шимтгэлээс тодорхой хувийг хувийн тэтгэврийн санд шилжүүлэх эрх нээгдэнэ. Мөн тэтгэврийн хуримтлалыг өвлүүлэх боломж бүрдэх юм. Ингэснээр улсад төлсөн татвараасаа 3-4 дахин бага тэтгэвэр тогтоолгож байгаа жишгийг халж, иргэд ч нийгмийн даатгалын шимтгэлээ дуртай төлдөг болно.
Сайн дураараа даатгал төлдөг иргэд ч нэмэгдэнэ. Ерөөс хувийн тэтгэврийн санд иргэдийн хуримтлуулсан мөнгө ёроолгүй сав руу орох бус буцах эзэн буух хаягтай болно гэсэн үг юм. Энэ мөнгөө, хуримтлалаа үр хүүхдэдээ өвлүүлэх боломжтой байгаа нь шударга зарчим. Үүнийг хуульчлах ажлыг Н.Учрал гишүүн парламентад эхлүүлсэн. Энэ ажлаа дуусгахын тулд түүнд сонгинохайрханчууд маань итгэл үзүүлэх хэрэгтэй байна. Таны, миний, өөрийнхөө ирээдүйн төлөө тэр энэ ажлаа үргэлжлүүлж, хуульчлан тэтгэврийн тогтолцоонд реформ хийж чадах хүний нэг мөнөөс мөн. Тэр төрд байх ёстой залуусын нэг мөн.