2020.04.09

О.Баасанхүү: Төсөвтөө 9 хувийн хэмнэлт хийхэд цалин орлого нэмэгдэнэ

УИХ-ын  өнөөдрийн (2020.04.09) цахим хуралдаанаар Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Архи тамхи болон уул уурхайн бизнес эрхэлдэг хүмүүсийн НӨАТ-ыг 3 хувь болгож болохгүй. Жилийн орлого нь 50 сая төгрөг байх юм бол 1 хувь түүнээс дээш бол 10 хувь болж байгаа. Өнөөдрийн хувьд 50 сая гэдэг бол утгагүй бөгөөд харьцангуй тоо болчихож байгаа юм. Аливаа хөнгөлөлт алагчлалгүй байх ёстой.

Зөвхөн МАН-ынхан авдаг 2 хувийн сугалаа гэдэг зүйлээ болиулаад төлсөн мөнгийг нь шууд буцаан олгодог эсвэл НӨАТ-ыг 3 хувь болгомоор байна. Ингэлээ гээд төсөвт гай тарихгүй. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гишүүний оруулж ирсэн саналыг дэмжээч. 5 хувь биш гэхэд 3 хувь болгож өгөөч.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ төслийг оруулж ирэхдээ иргэдээ ХАОАТ , НДШ –ээс зургаан сарын хугацаатай чөлөөллөө гэсэн. Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ХАОАТ, НДШ-ээс төсвийн байгууллага буюу эмч, сувилагч онцгойгийнхныг  чөлөөлөхгүй гэсэн. Ядаж ХАОАТ-аас төрийн албаныхныг чөлөөлөх саналыг гишүүд дэмжээч ээ. Төсөвтөө есөн хувийн хэмнэлт  хийчих юм бол цалин орлого нь нэмэгдэнэ.

Төрийн албаныханд хөнгөлөлт үзүүлэхгүй гэх хэрнээ  их, дээд сургуулийн багш нарыг хөнгөлөлтөд хамруулна гээд байгаад гайхаж байна. Оюутнууд чанартай сургалт авч чадахгүй байгаа учраас оюутнууд сургуулиасаа төлбөрөө буцааж авах эрхтэй. Гэтэл оюутны мөнгийг нь өгөхгүй хэрнээ нэмээд хөнгөлөлт үзүүлж байгаа нь буруу. Хэрэв саналыг дэмжвэл та бүхний сонгуульд ч хэрэгтэй, амьдралд ч хэрэгтэй, ядарсан жирийн иргэдэд ч хэрэгтэй. Хэрэв ингэж чадахгүй бол алагчлал үүснэ.