2020.04.07

М.Билэгт: Засгийн газраас малчдаа дэмжиж байгаад маш их баярлаж байгаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.04.07)  хуралдаанаар Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт

Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай хуулийн төслийг дэмжиж байна. 

Засгийн газраас малчдынхаа орлогыг бууруулахгүйгээр хамгаалах арга хэмжээ авч байгаад малчид маш их баяртай байгаа. Малчдын хотноос хавар гардаг бүтээгдэхүүний нэг болох ноолуурийн үнийг бууруулахгүй малчдын орлогыг хамгаалах зорилгоор жилийн 3 хувийн хүүтэй болгож зөрүү 9 хувийг нь  Засгийн газар хариуцаж 100 мянган төгрөгөөр авах шийдвэр гаргасан. 

Гэтэл малчны хотонд бодит байдал ямар байгаа талаар малчид ярьж байна. Манай Баянхонгорын малчид хохирч байсан удаа байгаа болохоор энэ шийдвэр яг баттай юу бид ноолуураа хадгалаад байж байх зөв үү гэж асуугаад байна. Тиймээс энэ талаар  тодорхой хариултыг УИХ-ын танхимаас Ч.Улаан сайдыг өгөөсэй гэж хүсч байна. 

Засгийн газраас үндэсний нөхөн сэргээгддэг, өсөн үрждэг баялагыг бүтээж байгаа жилийн дөрвөн улиралд хөдөө хөхөрч гадаа гандан байгалын хатуу ширүүн нөхцөлд амьдардаг малчдын ажлыг дэмжиж байгаад үнэхээр баярлаж байгаа. Засгийн газраас 3 хувьтай өгч байгаа зээлээ малчдад хүргэх талаас нь яаж хувиарлаж ямар зохион байгуулалтаар олгох вэ?

Түүний асуултанд ХХААХҮ-ийн яамны сайд Ч.Улаан хариуллаа.