Цар тахлын үед авах багц арга хэмжээний талаар хэлэлцлээ
2020.04.09

Цар тахлын үед авах багц арга хэмжээний талаар хэлэлцлээ

УИХ-ын  өнөөдрийн (2020.04.09) цахим хуралдаанаар Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа гишүүн танилцууллаа. 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хамт хэлэлцэж байгаа юм.

Төслүүдийг холбогдох ажлын баг болон Байнгын хороод хэлэлцэж дэмжихийн зэрэгцээ зарчмын зөрүүтэй 18 санал гаргажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа дээрх зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураан шийдвэрлэлээ. Тухайлбал, тогтоолын төслийн 1 дэх заалтын 2а.2 дахь дэд заалтын “төрийн болон” гэсний өмнө “төрийн өмчийн их дээд сургуулиас бусад” гэж, тогтоолын төслийн 1 дэх заалтын 2а.б дэх дэд заалтын “зогссон” гэсний дараа “болон 2020 оны 2,3 дугаар сарын үйл ажиллагааны борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50 ба түүнээс дээш хувиар буурсан” гэж тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Түүнчлэн тогтоолын төслийн 1 дэх заалтын 2а.3 дахь дэд заалтын “2020 онд улс, орон нутгийн төсөв” гэснийг төслөөс хасаж, мөн дэд заалтын “гүйцэтгэсэн” гэснийг “гүйцэтгэж байгаа” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж, О.Баасанхүү, Д.Эрдэнэбат нараас гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэнгүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат тогтоолын төслийн 1 дэх заалтын 2 дахь дэд заалтад "Ипотекийн зээл, зээлийн хүү болон үндсэн төлбөрийг 12 сарын хугацаанд царцааж, мөн хугацаагаар зээлийн эргэн төлөлтийг сунгах;” гэсэн заалт нэмэх санал гаргаад байсан юм. Мөн бизнесийн зээл олгох, дахин санхүүжих боломжоор хангах зорилгоор улсын төсөвт тусгасан чухал шаардлагагүй хөрөнгө оруулалтыг тэвчиж, банкны системийн 3 хувьтай тэнцэх хэмжээний зээлийн шугамын эрхийг банкуудад нээж өгөх" гэсэн зарчмын зөрүүтэй саналыг дэмжээгүй юм. 

Хуралдаан тогтоолын төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй санал хураалтаар үргэлжлэв. Тухайлбал, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн “Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргах тайлангийн маягт, дагаж мөрдөх журам, аргачлалыг” гэснийг “энэ хуулийг хэрэгжүүлэх журмыг” гэж өөрчлөх, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийн “1 дүгээр зүйлд заасан эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтын жагсаалтыг” гэснийг “1 дүгээр зүйлд заасан барааны жагсаалтыг” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хамтад нь хэлэлцэж байгаа юм. 

Төслүүдийг холбогдох ажлын баг болон Байнгын хороод хэлэлцэж дэмжихийн зэрэгцээ зарчмын зөрүүтэй 18 санал гаргажээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан зарим мэдээлэл өгөв. Тэрбээр, "Засгийн газраас хэрэгжүүлэх долоон арга хэмжээг хэрэгжүүлэх 5.1 их наяд төгрөгийн хөрөнгө гэдэг бол их тоо. Бид олж буй хоёр төгрөгийн 1-ийг иргэдийн ажлын байрыг хадгалах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлд зориулж байна гэсэн үг. Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа 1.1 сая хүн байгаагийн 75 хувь буюу 800 мянга орчим хүний нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцна.

Үүнд 800 орчим тэрбум төгрөг гаргах төлөвтэй байна. Иргэдийн дунд 200 мянган төгрөгийн нэмэгдлийг ямар шалгуураар олгох нь тодорхой бус байсан. Өчигдрийн ажлын баг болон Төсвийн байнгын хорооны хуралдаанаар маш оновчтой шийдэл гарсан. Тодруулбал, өнгөрсөн жилийн борлуулалтын орлого нь энэ оны хоёр, гуравдугаар сард 50 хувиар багассан ч ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжийн ажилтанд олгох санал гаргасан. Үүнд ойролцоогоор 45 мянган аж ахуйн нэгж хамаарах төлөвтэй байна" хэмээв. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, гадаадад байгаа, дотуур байрнаасаа хөөгдсөн оюутнуудын асуудалд Засгийн газраас хэрхэн хандахыг лавлав. Түүнчлэн, хэрвээ сургууль, цэцэрлэгийн сургалтыг есдүгээр сарын 1 хүртэл хойшлуулбал, их дээд сургуульд элсэх төгсөх ангийн сурагчдын элсэлтийн шалгалтын бэлтгэлд хүндрэл гарахыг тэмдэглэв.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Гадаадад байгаа монгол иргэдээ татан авахаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаа бөгөөд нийт 6650 орчим иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан гэдгийг танилцуулав. Үүнд хүндэтгэн үзэх шалтгаантай ахмад настай, эмчилгээнд явсан, хүүхэдтэй, оюутан зэрэг хүмүүс байгааг дурдав. Онгоцны суудал хязгаартай, онгоц тэр бүр нисээд байх бололцоо муу байна.  Гэхдээ Засгийн газар боломжоороо тухай бүрт нь шийдвэр гарган ажиллана гэдгийг тайлбарлав. 

УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, цар тахлын улмаас дэлхийн 190 гаруй улс үндэсний хэмжээний хөл хорио тогтоосон, нийт 1.7 тэрбум хүн хөл хорионд байгааг мэдээлэв. Нөхцөл байдлаас хамаарч хүүхэд залуусын сурах боломжийг таслахгүй байх үүднээс онлайн, теле хичээл явуулж буйг ЮНЕСКО-гоос сайшаасан. Тавдугаар сарын 30-наас хичээлийн жил дуусах ёстой ч есдүгээр сарын 1 хүртэл хойшлуулах хүртэл ямар зохицуулалт хийх талаар УОК-т танилцуулахаар бэлтгэл хангаж байна.

Мөн Эрүүл мэндийн яамнаас санал авахаар бичиг хүргүүлсэн гэлээ. Төгсөх ангийн хүүхдийн хичээллэх боломжийг судалж байгаа бөгөөд 28 мянган хүүхдэд DVD хэлбэрээр хичээлийг хүргэж буйг мэдээлэв. Үүнээс гадна цөөн тоогоор бүлэг болгон давтлага өгөх боломжтой эсэхийг судалж байгаа бөгөөд ирэх долоо хоногт яамнаас тодорхой шийдвэр гарган танилцуулна гэдгийг мэдээллээ. 

Ийнхүү тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 18 саналын томьёоллоор санал хураан шийдвэрлэж

Ийнхүү тогтоолын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.