З.Нарантуяа: Сонгуулийн тогтолцоогоо олоогүй учраас 30 жилийн хугацаанд ахиц гарахгүй байгаа юм
2020.02.17

З.Нарантуяа: Сонгуулийн тогтолцоогоо олоогүй учраас 30 жилийн хугацаанд ахиц гарахгүй байгаа юм

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.

-Олон мандаттай, томсгосон тойргоор УИХ-ын сонгуулийг явуулахаар боллоо. Энэ тухайд таны байр суурь ямар байгаа вэ?

-Бүх юмны эхэнд тойргоо бодчихоор улсын эрх ашиг дандаа хойш хаягддаг гэдгийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хангалттай харлаа. Харамсалтай нь ийм хууль баталчихсан. Жаахан ахисан юм нь гэвэл тойрог нь арай том боллоо. Гэхдээ л тойргийн зарчим нь хэвээрээ үлдчихсэн. Арван сумын тухай ярьдаг байсан бол одоо нэмэгдээд 17, 20 сумын тухай л ярьдаг болж байгаа. Үүнээс биш Ардчилсан нам, Монгол ардын нам, ШИНЭ нам гэдэг ч юм уу намуудын өөрийн мөрийн хөтөлбөрт Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн загвар эсвэл эдийн засгийг хараат биш болгох, төрөлжүүлэх, хүнд аж үйлдвэр хөгжүүлэх, хүнсний үйлдвэрүүдийг хөгжүүлэх түүнд нийцүүлж хөдөө аж ахуйн салбар болон орон нутгийн иргэдийнхээ амьдрах орчин нөхцөл, хөдөө хотын ялгааг арилгах гэх мэт асуудлыг эргээд ярих боломжгүйгээр 21 аймаг, Улаанбаатар хотоо яриад л “Чи хөдөөний гишүүн, би хотын гишүүн” гэдэг хэрүүл дахин үргэлжлэх парламентыг бүрдүүлсэн хуулийг баталсан нь харамсалтай байгаа юм.

Гашуун туршлагаас харахад улс төрийн намууд хэзээ ч бодлого дээрээ нэгддэггүй

- Сонгуулийн төгс тогтолцоо байдаггүй гэдэг. Манай орны хувьд хамгийн тохиромжтой хувилбар яг аль нь юм бэ?

- Манай орны хувьд хамгийн тохиромжтой хувилбар бол холимог тогтолцоо. Ийм тархай хол оршдог, нүүдэлчин ард түмний хувьд өөрсдийгөө төлөөлөх төлөөллийг парламентад сонгох нь зүйн хэрэг. Засгийн болон төрийн гадна орхигдож үлдэхгүйн тулд тэнд хүн байх хэрэгтэй. Иймд миний хувьд 50/50 хувийн пропорцианаль мажоритарыг дэмждэг. 50 хувь дотроо намын листтэй (жагсаалттай) пропорцианалийг дэмждэг. Яагаад тэр вэ гэхээр энэ нь улс төрийн намуудын дотоод ардчилалд маш чухал. Ихэнх хүмүүс ярихдаа намын даргатай ойрхон хэдэн хүн жагсаалтад орж ирээд дээшээ гараад явчихна гэдэг. Ийм болно оо гээд яваад байвал ийм л болно. Ингэхгүйн тулд нам доторх өрсөлдөөн, ардчилал, ил тод байдал илүү шахагдана. Намын даргын ойролцоо хүмүүсийг жагсаадаг энэ үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүйгээр шахах энэ процесс хүчтэй болно. Ардчилсан намын сүүлийн гурван жилийн шинэчлэл энэ чиглэл рүү явсан. Ний нуугүй ярихад хуучин бол манай нам тав зургаан фракц болсон. Анх нэгдэж байсан, АН-ыг үүсгэж байсан хөдөлгөөнүүд, ардчиллын чиг баримжаатай хүчнүүд сууриараа фракц болоод хэсэг хэсгээрээ өөрийнхөө эрх ашгийг төлөөлөл нь нам дээр хамгаалж, хэний нэрийг дэвшүүлэх, хэнийг сайд болгох, хэнийг ямар албан тушаалд оруулах вэ гэх мэт ийм зүйл л яригддаг байсан. Энэ бол миний нүдэн дээр болсон үйл явдал.

2016 оны ялагдлын дараа АН-д хийсэн шинэчлэлийн гол зүйл бол ямар нэгэн фракцын төлөөллийг намын аль ч шатанд оруулахаа байсан. Намын гишүүд нээлттэйгээр улс төрийг сонирхож, аль ч дүүрэг, хороо, сумаас шат шатныхаа намын байгууллагад гишүүнээр дэвшээд явах боломжийг олгосон. Үндэсний бодлогын хороо буюу намын эрх барих байгууллага нь бодлогын чиглэлээр сүүдрийн Засгийн газрын хэлбэрт ажиллаж, эрх баригч намын үйл ажиллагаанд илүү анализ хийж, шүүмжилдэг болсноор нам доторх институцийн хувьд сайн ажилласан. Сонгуулийн өмнө АН-ын мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг ахлаад явж байхад анзаарагдсан зүйл гэвэл салбар салбарын бодлогын зөвлөлүүдмөрийн хөтөлбөрт тусгах ёстой тухайн салбарын өнөөгийн бодит байдлын дүгнэлтээ сайн хийж байна. Ямар асуудалд бодлогын шинэчлэл хэрэгтэй байна гэдгийг хэлж чадаж байна. Ямар арга хэлбэр, замаар үүнийг хийх ёстой вэ гэдэг гаргалгааг гаргаж чадаж байна.

Институцийн хувьд доод шатнаасаа маш сайн хөгжиж байгаа. Сонгуулийн пропорцианаль тогтолцоо ялангуяа намын жагсаалтаар ордог тогтолцоо бол улс төрийн намын хувьд эрх баригч болоод Засгийн газар бүрдүүлэхэд багаар ажиллах боломжийг олгох хамгийн зөв хэлбэр гэж харж байгаа. Иймд энэ тогтолцоог дэмжиж байна. Өмнөх гашуун туршлагаас харахад улс төрийн намууд хэзээ ч бодлого дээрээ нэгддэггүй. Улс төрийн намын доторх Засгийн газрын бүрэлдэхүүн нь бодлого дээрээ нэгдмэл биш. Хүн төвтэй бүрэлдэхүүн бий болж байсан учраас хүн хоорондын харилцаан дээр суурилсан Засгийн газрууд бий болсон. Фракцууд муудахад яамдын бодлого биш яамдын сайд нарын хоорондох зөрөлдөөн нь Засгаа унагадаг. Тухайн мөрийн хөтөлбөртөө тусгасан бодлогын чанартай ажлуудаа хийж чадахгүй нэг нэгэндээ саад болох явдал байсан. Сонгуулийн тогтолцоогоо зөв олж чадахгүй байгаа учраас 30-аад жилийн хугацаанд ахиц гарахгүй байгаа юм.

Төлөөлөл жигд байх нь шударга сонгуулийн үндсэн зарчим

- Нийслэлийн мандатыг цөөлсөнд АН шүүмжлэлтэй байгаа. Таны хувьд?

- Сонгуулийн хууль батлагдсаны дараа мандат хуваарилах асуудал УИХ дээр яригдсан. УИХ-ын хувьд нийслэлээс дөрвөн мандатыг хасаад нэг нэг мандаттай дөрвөн аймагт хуваарилж, бие даасан тойрог болоогүй дүүргүүдийг тусад нь бие даасан тойрог болгох асуудал яригдсан байна лээ. Энэ үеэр томилолттой байсан учир хэлэлцэх үеэр байгаагүй юм. Ер нь мандат гэдэг бол хэдэн хүнийг төлөөлж парламентад суух вэ гэдэг төлөөллийн асуудал. Иймд төлөөлөл жигд байх нь шударга. Энэ бол сонгуулийн үндсэн зарчим юм. Хэт харьцангуй зарим газар 70 мянган хүнийг төлөөлж байхад зарим газарт нь 200 гаруй мянган хүнийг төлөөлөх нь байж болохгүй л дээ. Нийт 70 мянган сонгогчтой тойрогт гурван мандат өгчихөөд 200 гаруй мянган хүнтэй тойрог дээр адилхан гурван мандат өгөхөөр нэг хүнд ногдох нь гурван хүнд ногдож байгаатай адилхан байгаа биз. Энэ бол үнэхээр харьцангуй, тэгш биш. АН-ын байр суурьтай ижилхэн шүүмжлэлтэй байгаа. Яагаад гэвэл улс төрийн нам ялахын тулд ийм зүйл хийж болохгүй. Нийслэлд ардчилсан чиг баримжааг дэмждэг иргэд олон байгаа учраас цөөхөн мандат өгье, орон нутгийн хувьд МАН -ын нийгмийн чиг баримжааг дэмждэг учир илүү мандат өгч, тэндээс олон суудал авъя гэдэг нь улс төрийн хувьд увайгүй үйлдэл байхгүй юу. Мөн улс төрийн намын хувьд соёлжоогүй, төлөвшөөгүй үйлдэл учраас үүнд шүүмжлэлтэй байгаа.

-Баярлалаа.