УИХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл, бие даагч нарт хүргүүлэх баримт бичиг боловсруулна
МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаас УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл, бие даагч нарт хүргүүлэх “МҮЭ-ийн холбооны санал-Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, бүрэлдэхүүнийг баталсан билээ.
Уг ажлын хэсэг өнөөдөр /2020.02.11/ санал солилцох уулзалтыг хийв. Энэхүү баримт бичгээр МҮЭ-ийн холбооноос улс төрийн намуудад сонгуульд оролцохдоо хөдөлмөрчдийн амьжиргааг нэн тэргүүнд авч үзэх, ялангуяа нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээг мөрийн хөтөлбөртөө тусгаж ажиллахыг санал болгодог билээ.
Тиймээс 2020 оны нийгмийн захиалга баримт бичигт Эдийн засаг, хөгжил, Зохистой ажлын байр, Цалин орлого нэмэгдүүлэх, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн харилцааны хууль эрх зүйн орчныг сайжруулах, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр иргэд хөдөлмөрчдийн саналыг аймаг, нийслэл, салбарын түвшинд авч нэгтгэн боловсруулж сонгуульд оролцох улс төрийн хүчин, нэр дэвшигчдэд хүргүүлэхээр ажиллаж байна.
Ажлын хэсэг баримт бичгийн саналыг илүү тодорхой болгон хөдөлмөрчдийн нийтлэг эрх ашигт нийцүүлэхийн тулд иргэдийн саналыг илүү өргөн хүрээнд авах ажилд онцгойлон анхаарч, байр сууриа нэгтгэн ажиллахаар болов. Ажлын хэсгийн дараа дараагийн уулзалтаар баримт бичгийн санал дээр байр сууриа нэгтгэн илүү нарийчилсан тодорхой саналуудыг боловсруулж эцэслэхээр ажиллаж байна.