Л.Мөнхбаатар: Ерөнхийлөгч хориг тавихгүй бол УИХ-ын сонгуулийн тухай хууль хэрэгжээд явна
2020.02.06

Л.Мөнхбаатар: Ерөнхийлөгч хориг тавихгүй бол УИХ-ын сонгуулийн тухай хууль хэрэгжээд явна

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин, сэтгүүлч Б.Бадралмаа

УИХ-ын гишүүн Л Мөнхбаатартай ярилцлаа


-УИХ-ын сонгуулийн тойрог, мандатыг хуваарилах тогтоолын төслийг хэлэлцэж, баталснаар намрын чуулганы хуралдаан завсарлалаа. Олон мандат, томсгосон тойрог хувилбараар 2020 оны УИХ-ын сонгуулийг явуулахаар тогтож, нийслэлээс мандатаас хасахаар болсон. Хүн амын олонх төвлөрдөг нийслэлээс мандатын тоог хассан нь зөв үү?

-УИХ-ын сонгуулийн тойрог, мандатыг тогтоох нь тухайн парламентын бүрэн эрхийн асуудал. Тиймээс үүнийг хэрхэн, яаж тогтоох нь тогтчихсон асуудал гэж ойлгож болно. УИХ Сонгуулийн тухай хуулиндаа эрх зүйн орчныг бүрдүүлээд өгчихдөг гэсэн үг.

Ингэхдээ хүн амын тоо, засаг захиргааны нэгж, нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил зэргийг харгалзан тойрог, мандатын тоог тогтоодог. Хууль тогтоогчид энэ дөрвөн зүйлийн аль нэгийг нь орхигдуулахгүйгээр тойрог, мандатыг хуваарилах ёстой.

Нийслэлийн мандатын тоог хасаж, хөдөө орон нутаг руу шилжүүлсэн нь хэлэлцүүлгийн үед нэлээд маргаантай сэдэв байлаа. Олон мандат, томсгосон тойрог гэх хувилбараар сонгуулийг явуулахаар хуульчилсан. Тэгэхээр нэг мандаттай аймгуудыг тоог зайлшгүй нэмэх шаардлагатай.

Мандатын тоог хуваарилах анхны саналыг Сонгуулийн ерөнхий хорооноос жаргаж, холбогдох Байнгын хороод хэлэлцдэг. Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, баталсан. Одоо энэ тогтоолд Ерөнхийлөгч хориг тавихгүй бол цаашдаа хэрэгжээд явна.

-Ерөнхийлөгч хориг тавьчихвал ямар нөхцөл байдал үүсэх вэ?

-Хэрвээ хориг тавьчихвал ээлжит бус чуулган зарлах юм уу, хаврын чуулганаар хэлэлцэнэ. Хориг тавих эсэх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг асуудал.

-Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн ирц буурсан гэх мэдээлэл бий. Ирцийг нэмэх талаар шинэ хуульд тодорхой заалт орсон уу?

-Олон улсад ч ялгаагүй парламентын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц орон нутгийнхаас их байдаг. Зарим улс орон нутгийн сонгуулийн ирцийн хувиа бага тогтоох зэргээр асуудлыг шийддэг. Манайх сонгуулийн ирцээ 50-иас дээш хувьтай байна гэсэн босго тавиад олон жил болж байна. Сүүлийн жилүүдэд ирц бүрдэхгүй, хууль зөрчигдөж байгаа нь үнэн. Сонгуулийн ирц хангалттай байх эсэх нь иргэдийн идэвхээс шууд хамааралтай.

-АН-ынхан нийслэлийн мандатын тоог хасахыг эсэргүүцэж, Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдсэн. Хууль зөрчсөн асуудал бий юү?

-Үндсэн хууль зөрчсөн асуудал байхгүй. АН-ын зүгээс нийслэлд хүн амын олонх амьдардаг учраас мандатын тоог хасах шаардлагагүй гэж тайлбарласан. Хүн амын тоог харгалзан үзэх нь зөв ч өргөн уудам нутаг дэвсгэртэй манай улсын иргэд төлөөллөө УИХ-д сонгох эрхтэй. Тэгэхээр 2020 оны ээлжит сонгуулийн мандатыг тоог хуулийн дагуу тогтоосон гэсэн үг.

-Намрын чуулган хугацаандаа завсарлалаа. Эдийн засаг, нийгэмд нөлөөлөх ямар чухал асуудлыг хэлэлцэв?

-Энэ намрын чуулган хамгийн удаан үргэлжилсэн онцлогтой байлаа. Ингэхдээ нийгмийн зөвшилцлийн хамгийн том баримт бичиг болох Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Шинэ Үндсэн хууль ирэх тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотой нийгмийн байгууллын томоохон шинэчлэл хийгдэж, нийгэм эдийн засагт тодорхой өөрчлөлт гарна гэж үзэж болно. Мөн энэ намрын чуулганаар иргэд олон нийтийн өмнө тулгамддаг, яаралтай шийдвэрлэх асуудлыг хэлэлцсэн. Тухайлбал. Тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хуулийг баталлаа. Ирэх хаврын чуулган одоогийн парламентын отгон чуулганы хуралдаан болно. Хаврын чуулганаар хэлэлцэх чухал хэд хэдэн асуудал бий. Нийт 133 хууль хэлэлцэхээр УИХ-д өргөн барьсан. Үүнээс 17 хуулийг чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. Энд цаг хугацааны хувьд яаралтай хэлэлцэх хэдэн асуудал байгаа. Тухайлбал, Үндсэн хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотой дагаж мөрдөх журмын хуулиуд болон УИХ-ын тухай, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай, Улс төрийн намын тухай зэрэг хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэж батална.

-Намрын чуулганаар Өмгөөллийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийг баталсан. Үүнтэй холбоотой хуульчид хоёр татвар төлөх, Хуульчдын холбоо татан буугдаж магадгүй зэрэг маргаантай асуудал гарч байна. Энэ талаар хуульч гишүүний хувьд та мэдээлэл өгөхгүй юу?

-Өмгөөллийн холбоо 80 жилийн түүхгүй байгууллагын нэг. 2014 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар Өмгөөллийн холбооны хууль хүчингүй болсон. Ингээд Өмгөөллийн холбоог Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэг бүлгээр зохицуулдаг байв. Гэхдээ Өмгөөллийн тухай хуулийг шинээр батлах эрх зүй, практикийн шаардлага бий болж, Засгийн газраас хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барьсан. Хуулийг намрын чуулганаар хэлэлцэж, баталсан. Өмгөөлөгчдийн холбоо тусдаа гарснаар Хуульчдын холбоо татан буугдахгүй. Харин хуульчид татвар давхар төлөх маргааныг Өмгөөллийн тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулахыг Засгийн газарт үүрэг болгосон. Цаашдаа хуульчид нэг холбоондоо татвар төлнө. Харин аль холбоондоо төлөх вэ гэдгийг тухайн байгууллагууд шийднэ.

-Энэ хоёр байгууллагын чиг үүргийг тодорхой болгож байгаа гэсэн үг үү?

-Хуульчдын хариуцлагын асуудлыг Хуульчдын холбоо өөрөө хариуцдаг байсан юм. Гэхдээ энэ маргаантай байдал үүсгэдэг. Тиймээс өмгөөлөгчтэй холбоотой асуудлыг Өмгөөллийн тухай хуулиар зохицуулдаг болно гэсэн үг.

-Улс төрийн намын тухай хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар үе үеийн парламент ярьдаг ч шинэчилж чадаагүй хэвээр байна. Энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтад орсон байна лээ. Хэлэлцэж амжих уу?

-Упс төрийн намын тухай хуульд шинэчлэл хийх цаг болсон. Хуулийн төслийг боловсруулж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр улс төрийн намтай холбоотой заалтууд орсон. Тэгэхээр энэ хуулийг Үндсэн хуулийнхаа агуулгад нийцүүлэн боловсруулах хэрэгтэй. Ингэхдээ улс төрийн намын санхүүжилт, гишүүнчлэл, хариуцлагын асуудлыг тодорхой болгох нь зүйтэй.