С.Бямбацогт: Одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрх нь нээлттэй
- Эрх зүйн байдлыг дордуулах хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй
- Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хоногийг 15 болгон богиносгосон
Өнгөрсөн хаврын чуулган төдийгүй энэ удаагийн парламентын ажлын гол үр дүн болж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ирэх тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Харин Ерөнхийлөгчтэй холбоотой зохицуулалтыг 2025 оноос хэрэгжүүлэхээр анхны төсөлд тусгаад байсан юм. Гэвч Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдын санаатай, санамсаргүйн үйлдлээр хэрэгжих хугацааг мөн 2020 оны тавдугаар сараас болгосноор монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгад дахин нэр дэвших боломж олгоогүй талаар улс төрийн хүрээнийхэн мэдээлж эхэлсэн. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчид зөвхөн нэг удаа, зургаан жилээр сонгогдоно гэж суулгасан билээ.
Харин үүнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт тайлбар өгөв.
Тэрбээр
“50-иас дээш настай, сүүлийн таван жил эх орондоо тогтвортой амьдарсан, Монгол Улсын иргэнийг Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа зургаан жилийн хугацаагаар сонгоно. Хуулийн төслийг Д.Лүнджээжанцан нарын гишүүд өргөн барихдаа энэ заалтыг 2025 оноос хэрэгжихээр өргөн мэдээлсэн. Хэлэлцүүлгийн явцад 2020 оны тавдугаар сарын 25-наас эхлэн хэрэгжүүлье гэдэг саналууд гарсан. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг, Ерөнхийлөгчийн тамгын газрын даргатай ярилцсан. Хуульд эрх зүйн байдлыг дордуулах хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн заалт хэрэгжиж эхлэхэд одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрх нь нээлттэй байна гэдэг зарчмын хүрээнд 2020 оны тавдугаар сарын 25-н болгож өөрчилсөн” гэв. Тэрбээр мөн хаврын чуулган завсарлахаас өмнө баталсан УИХ болон орон нутгийн сонгуулийн хуулийн талаар “Байнгын хороо УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажилтай танилцсан. Мөн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, УИХ ын гишүүний ёс зүйн дүрмийг баталсан. Энэ намрын чуулганаар Их хурлын сонгуулийн хуулийг баталсан. Бид Сонгуулийн хуулийг долоо дахь удаагаа баталж байна. Энэ удаагийн хуульд хэд хэдэн өөрчлөлт оруулсан. Сонгуулийг олон мандаттай, цөөн тойргоор явуулна. Мөн Аймаг, Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан. Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хоногийг 15 болгон богиносгосон. Санал хураалтыг 21:00 цагт дуусгах өөрчлөлт мөн оруулж өгсөн. Түүнчлэн Их хурлын сонгуулийн товыг тогтоосон. Зургадугаар сарын 24-нд сонгуулийн санал хураалт явуулна. 29 тойргоос Их хурлын гишүүд сонгогдоно” гэсэн мэдээллийг өгсөн юм.