Ж.Бат-Эрдэнэ: Төрийн ажлыг арай “өөр” өнцгөөс нь хийдэг хүмүүсийг төрд оролцуулахгүй болсон нь маш том босго
2020.02.05

Ж.Бат-Эрдэнэ: Төрийн ажлыг арай “өөр” өнцгөөс нь хийдэг хүмүүсийг төрд оролцуулахгүй болсон нь маш том босго

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-2020 оны УИХ-ын сонгуулийг олон мандаттай, томсгосон тойргоор явуулахаар боллоо. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Мандатын асуудлыг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний дотор баталж гаргах хуультай. Үүнийхээ хүрээнд уг хуулиа баталлаа. Мандатын өөрчлөлтийн хувьд Улаанбаатар хотоос дөрвөн мандатыг орон нутгийн дөрвөн аймаг буюу Булган, Сүхбаатар, Говь-Алтай, Дундговь гэсэн аймагт нэмлээ. Урьд нь эдгээр аймгууд хоёр мандаттай байсан. Үндсэндээ эргүүлээд хоёр мандат өгч байгаа юм. Хүн амын тоог харьцуулаад үзэхэд хоёр мандаттай байх боломжтой гэж үзсэн учраас нэмсэн.

Улаанбаатар хотын мандатыг “хөндлөө” гэж нэлээдгүй шүүмжлэлтэй хүлээж авч байх шиг байна. Нэгдүгээрт, Өмнө нь байсан хэлбэр лүүгээ орж байгаа. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын хувьд хүн амын нягтаршил, мэдээлэл хүлээн авах бололцоо, сонгуулиа өгөх боломж, сонгуулийн хэсгийн хороонуудын байршил, дэд бүтцийн асуудлууд, тээврийн асуудлууд гээд олондавуу бололцоо байгаа юм. Сонгуулийн хуулийн гол логик бол иргэд саналаа өгөх бүрэн боломж, бололцоог хангах асуудал байдаг. Иймд хөдөө, орон нутагт байгаа иргэдийн нөхцөл байдал, байршилтай уялдуулан нийт иргэдийнхээ боломж бололцоог ардчиллын нөхцөлд олгож байна.

-Томсгосон хувилбарт нам дотор үл ойлголцол гардаг гэдэг. Энэ үнэн үү?

-Энэ бол намын сахилга бат, ёс зүйн асуудал. Мөн нэр дэвшигчдийн ёс зүй, сахилга баттай холбоотой дараагийн асуудал. Гол нь иргэд энэ хүмүүсээ сонгох боломж, бололцоог л бид олгох ёстой шүү дээ. Түүнээс биш нам доторх зодоон, хуйвалдаан, муудалцааны асуудал цэвэр ёс зүйтэй холбоотой. Үүн дээр манай намаас барьж байгаа бодлого гэж бий. Нэгдүгээрт, Нэр дэвшигчдээсээ мөнгө авахгүй. Эд хөрөнгө барьцаалж шалгуур тавихгүй. Хоёрдугаарт, Судалгаа хийж үзье. Судалгааны дагуу хэн нь ард иргэдийн дунд рейтинг өндөртэй байна түүнийг авъя. Мэдлэгээр нь, боловсролоор нь, чадвараар нь сонгон шалгаруулж авдаг босгоо өндөрсгөе гэсэн гол заалтууд орсон. Ийм зарчмыг баримталж байгаа юм.

“Томсгосон тойрог орж ирэхээр санал худалдаж авах эрсдэл арай багасна”

-Сонгуулийн хамгийн зөв тогтолцоо гэж хаана ч байдаггүй гэдэг шүү дээ. Тэгвэл Монгол Улсад хамгийн тохиромжтой хувилбар аль нь юм бэ?

- Ер нь мажоритар тогтолцоогоо бид нэг хэсэгтээ барих нь зүйтэй юм болов уу гэж ойлгож байгаа. Үүний сул тал нь мөнгө, төгрөг тараадаг, санал худалдагддаг нөхцөл байдаг шүү дээ. Томсгосон тойрог орж ирэхээр санал худалдаж авах эрсдэл арай багасна. Гэхдээ иргэд өөрсдөө сонгогдож буй хүнээ харж, асууж, шалгадаг, хийх гэж байгаа зүйлийг нь өөрсдийнх нь амнаас сонсдог. Ийм нөхцөл байдлаараа мажоритар тогтолцоо Монголд нэг хэсэгтээ байх болов уу. Эдийн засаг хөгжөөд ирэхээр үүнээс хамааралтайгаар иргэдийн улс төрийн оролцоо багасдаг. Тийм нөхцөлд холимог юм уу, пропорцианаль тогтолцоо руу шилжих нь зүйтэй байх.

- Тойргийн мандатын хуваарилалтыг хүн амын тоо, газар нутгийн хэмжээнээс нь хамаарч тэгш хуваарилах ёстой гэж харж буй хэсэг байгаа. Сөрөг хүчний зүгээс ч мөн нийслэлийн мандатыг хөндөхгүй байх ёстой гэдэг байр суурьтай байгаа шүү дээ?

- Мэдээж олонх нь нийслэлд амьдарч байгаа гэдгээрээ тооныхоо хувьд илүү байх магадлал өндөртэй. Гэхдээ саналаа өгөх боломж бололцоо орон нутагтай харьцуулахад хангалттай илүү байна. Нягтаршил сайтай, мэдээ, мэдээлэл олох бүхэл бүтэн сувгууд нь байж байна. Нэр дэвшигчээ судлах, таних бололцоо нь харьцангуй илүү байна. Сонгууль өгөхдөө боломжтой байршилд нь очоод өгөх нөхцөл нь байна. Энэ талаараа давуу байгаа.

Мэдлэг боловсрол, туршлага, хүнлэг байдал, ёс суртахууныг нэр дэвшигчийн гол шалгуур байлгах нь зүйтэй

-Нэр дэвшигчид ямар босгыг тавьдаг юм бол?

-Улс төрийн намын хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Тэгж байж нам руу орж ирж байгаа эдгээр хүмүүсийн босгыг сайжруулна. Сонгуулийн тухай хуульд “Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон Монгол Улсын иргэнийг сонгуульд оролцуулахгүй” байхаар тусгасан. Энэ бол маш том босгыг тавьж байгаа гэсэн үг юм. Албан тушаал, авлигатай холбогдсон, төрийн ажлыг хийхдээ арай “өөр” өнцгөөс хийдэг, эд хөрөнгийн сонирхолтой хүмүүсийг төрд оролцуулахгүй болсон нь маш том босго болсон. Хоёрдугаарт, Намд мөнгө өгөхөөргүй болсон нь эд хөрөнгийн шалгуураар хүнээ авдаг эсвэл намын даргатайгаа ойрхон байгаа хэн нэгэн, бизнесийн бүлгийн төлөөлөл болж орж ирдэг ийм зүйлээс татгалзах нөхцлийг бий болгож байгаа юм. Аль болох мэдлэг боловсрол, туршлага, хүнлэг байдал, ёс суртахууныг нэр дэвшигчийн гол шалгуур байлгах нь зүйтэй юм.

-Намууд их, бага хурлаа хуралдуулж, нам дотроо нэр дэвшигчдээ тодруулах зохицуулалттай. Энэ ажил эхэлсэн үү?

-Одоогийн байдлаар намын хувьд судалгаануудаа явуулж эхэлсэн. Орон нутгаар судалгааны багууд явж байна. Үүгээр ерөнхий судалгаа гарч ирнэ. Гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээрсарын эхээр сонгон шалгаруулах эхний алхмууд хийгдэх байх.

- Сонгуульд ахмадууд идэвхтэй оролцдог. Залуучуудын идэвх харьцангуй сул шүү дээ. Саяхан тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбогдуулан “бүх ахмадуудад гурван сая төгрөг тэгш хуваарил” гэж жагслаа. Энэ удаагийн сонгуульд мөнгө амалчих л юм бол санал худалдагдах магадлал өндөр байгааг харж болохоор байна?

- Энэ арилахгүй байх. Үүнийг хуулийн хүрээнд нь “мөнгө амлахгүй, тараахгүй байх” гэж хааж, боохгүй л бол арилахгүй. Хүн л юм чинь юм авъя гэсэн сонирхол байгаа. Эдийн сонирхол гэдэг чинь хүний өөрийн үндсэн сонирхол шүү дээ. Тийм учраас хуулиар зохицуулахаас өөр сонголт байхгүй.

-Баярлалаа.