Л.Болд: Хамгийн аюултай нь “Бусад намууд, нэр дэвшигчид нэг ч хүнтэй уулзаж болохгүй” гэсэн заалт
УИХ-ын гишүүн Л.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
“Мөнгийг нь ав. Саналаа дэмждэг хүндээ өг” гэдэг тэмцлийн гол хэлбэр лүү явах ёстой.
- 2019 оны намрын чуулганаар Сонгуулийн тойрог, мандат хуваарилах тогтоолыг баталлаа. Олон мандат, томсгосон тойргоор энэ удаагийн сонгуулийг явуулахаар болж байна. Энэ хэр оновчтой хувилбар юм бэ?
- Тойрог томсгосныг миний хувьд дэмжиж байгаа. Яагаад дэмжсэн гэхээр жижиг тойрогт мөнгөний асуудал ихтэй. Мөнгө тараах, сүлжээ үүсгэх аюул маш их байдаг. Үүнийг томсгосон тойрог хязгаарладаг. Гэхдээ бүх хуучин тогтолцоогоо аваад үлдчихлээ. Машинаар тоолно, ухуулга, сурталчилгаа гээд маш олон хүнийг цалинжуулна. Тойрог болгон дээр олон мянган хүн цалинжуулах нь цаагуураа авлига байхгүй юу. Өөрөөр хэлбэл, уламжлалт сүлжээтэй намууд өөрсдийгөө дархлаажуулах ажлаа хийчихээд байгаа юм л даа. Маш хүнд нөхцөлд сонгууль болох гэж байна шүү дээ. “Мөнгийг нь ав. Саналаа дэмждэг хүндээ өг” гэдэг тэмцлийн гол хэлбэр лүү явах ёстой. Шударга ёсоороо бол хүн амынхаа төлөөлөл болж тойргоо хуваарилах ёстой. Гэтэл зарим аймгийн гурван хүн хотын зарим тойргийн нэг хүнтэй тэнцэж байна.
Гурав нэгийн харьцаатай байна. Энэ боляавч байж болохгүй. Үүнийг хуульдаа оруулчихсан гэж дайраад байгаа юм л даа. Тойргийг зурахдаа Баян-Өлгий аймгийн зарим сумыг Дорнод аймагтай хольж болохгүй. Ингэж тойрог үүсгэж болохгүй гэдэг утгаараа нутаг дэвсгэр гэсэн болохоос биш, том нутаг дэвсгэртэй аймгаас төлөөлөл ихбайх ёстой гэдэг утгагүй, тэнэг зүйлийг ярьж болохгүй байгаа юм. Сонгуулийн хуульд орсон хамгийн аюултай заалт бол “Бусад намууд, нэр дэвшигчид сонгуулийн жил гарсан учраас нэг ч хүнтэй уулзаж болохгүй” гэж байгаа юм. Ийм тэгш бус байж болох уу. Одоогийн УИХ-ын гишүүд болно. Бусад нь болохгүй. “Чи 100 метрээс гүй. Би 20 метрээс гүйнэ” гэж байгаатай адилхан. Ийм шударга биш байна. Улс төрийн намуудын үндсэн эрх бол хүмүүстэйгээ уулзаж, бодлогоо танилцуулах байдаг шүү дээ. Үүнийг нь хуулиар хориглочихлоо. Бод доо.
“Баахан хүн нэр дэвшсэн ч “таньдаг” хүн нь л гарч ирнэ”
- УИХ-ын гишүүд хүссэн хугацаагаараа сурталчилгаа хийгээд бусад нэр дэвшигч, улс төрийн намууд сонгуулийн сурталчилгааны хугацаанд л ажиллах ёстой гэсэн үг үү?
- Зөвхөн сонгуулийн сурталчилгааны 20 гаруй хоногт гэсэн үг. Өөрийгөө таниулах ямар ч боломж байхгүй. Тэр хүн өөрийгөө таниулах гэж оролдвол хуулиар татахаар болж байна. Ийм гэмт хэрэг хийсэн байна шүү дээ. Баахан хүн нэр дэвшсэн ч “таньдаг” хүн нь л гарч ирнэ. Энэ бол аймшигтай.
- Хүний эрхийг зөрчиж байгаа юм бол энэ хуульд Ерөнхийлөгч хориг тавих боломжтой юу?
- Хориг тавиагүй хүчин төгөлдөр болчихсон. Нэгдүгээр сарын 1-нээс үйлчлээд эхэлсэн.
-Тойрог, мандат хуваарилалтын талаар ямар байр суурьтай байна вэ?
- Шударга, залуу хуульчид Үндсэн Хууль зөрчсөн энэ хуулийн заалтыг Үндсэн хуулийн цэцэд өгч, хүчингүй болгох хэрэгтэй. Ингэж байж ард түмэн тэгш эрхээ олж авахгүй бол зөвхөн УИХ-ын гишүүд хүнтэй уулзах эрхтэй байгаад байна.
- Нийслэлийн дөрвөн мандатыг орон нутаг руу шилжүүлсэн. Үүнийг эрх баригч намын зүгээс тайлбарлахдаа “Нийслэлчүүд сонгуульд оролцох байршил, мэдээлэл авах нөхцөл боломж нь хөдөө орон нутагтай харьцуулахад харьцангуй илүү байгаа учраас мандат цөөлсөн нь байж болох асуудал” гэж байгаа. Таны хувьд нийслэлийн мандатыг 24 болгосонд ямар байр суурьтай байгаа вэ?
- Хүн амдаа хуваах ёстой. Яахав багахан зөрөө гарч болно. Гэхдээ 3:1-ийн харьцаатай байж болохгүй байхгүй юу. Хаана ч ийм зүйл байхгүй. Манай парламент чинь төлөөлөгчийн танхим шүү дээ. Бид холбооны улс биш. Холбооны улс дээр жишээ татахад, Аляск муж хоёр сенатын гишүүн, нэг их хурлын гишүүнтэй. Калифорниа муж хоёр сенатын гишүүн, 60 их хурлын гишүүнтэй. Холбооны танхимдаа ижил, тэнцүү хүн ам хамаагүй төлөөлүүлдэг.
Чадамжгүй УИХ сонгууль гээд дөрвөн сараас үндсэн ажлаа хийхгүй
- Томсгосон хувилбараар сонгууль явуулж буй тохиолдолд иргэдэд мөнгө тараах эрсдэл арай багасна гэсэн байр суурьтай УИХ-ын гишүүд байгаа. Таны хувьд ямар байр суурьтай байна?
- Жишээ нь өнгөрсөн сонгуулиар миний тойрог дээр сонгогчдын 50 хувьд нь мөнгө тараагаад саналыг нь худалдаад авчихсан. Тийм аюул томсгосон тойрогт арай бага. Гэхдээ мөнгөтэй намуудад энэ асуудал биш. Б.Хурц Баянзүрх тойрогт нэр дэвшинэ ээ гээд л томроод байгаа биз дээ. Цаанаа ямар зорилгоор нэр дэвшиж, яаж сонгуулиа хийх гэж байгаа нь ойлгомжтой. Дээрээс нь хуулиндаа албан ёсоор сонгогч цалинжуулдаг тогтолцоогоо аваад үлдчихсэн. Хамгийн их зардал гардаг зүйл чинь энэ. Нэг тойрог дээр дор хаяж нэг тэрбум төгрөгийн зарлага албан ёсоор гарна. Хууль ёсны дагуу айл бүрийн нэг хүнийг цалинжуулчихдаг байхгүй юу. Үүнийг жижиг намууд, нэр дэвшигчид чадах уу, чадахгүй шүү дээ.
“Мөнгийг нь авчихсан учраас хүн айсандаа саналаа өгдөг л байхгүй юу”
- “Бүх ахмадуудад гурван сая төгрөгийг тэгш хуваарил” гэж ахмадууд жагслаа. Сонгуульд идэвхтэй оролцдог насныхан бол ахмадууд. Энэ удаагийн сонгуулиар санал худалдагдах эрсдэл байгаа юу?
- Бүх сонгуулийн тогтолцоо санал худалдаж авдаг. Санал өгөх үед нь хянадаг. Зургийг нь авхуулдаг. “Араас чинь хянаж байгаа шүү” гэж дарамталдаг. Мөнгийг нь авчихсан учраас хүн айсандаа саналаа өгдөг л байхгүй юу.
Хүний эрхийн салбарт эрүүдэн шүүхийг хаах үндэсний тогтолцоог бий болголоо
- 2019 оны намрын чуулганаар Үндсэн Хуулиа баталлаа. Энэ удаагийн чуулган хэр үр дүнтэй чуулган болов? Нийгэм, эдийн засаг талаасаа Монгол Улсад өөрчлөлт авчирч чадах хуулиудыг хэлэлцэж чадсан уу?
- Баялгийн заалттай Үндсэн Хууль баталсан нь өөрөө том амжилт. Нэлээд хэдэн хуулиудыг баталсан. Хүний эрхийн салбарт эрүүдэн шүүхийг хаах үндэсний тогтолцоог бий болголоо. Хөөн хэлэлцэх хугацаа гэх мэт нийгэмд тулгамдсан олон асуудлыг шийдсэн том хуулиудыг хэлэлцэж, баталсан. Гэхдээ яг одоо ард түмний хүлээж буй Ашигт малтмалын тухай хууль, Баялгийн хууль, Газрын тухай хууль, Гэр хорооллын хөгжлийн хууль гэх мэт хуулиуд гараагүй байна. Тэтгэврийн хуулийг гаргахдаа ард иргэдээ ялгаварлаад шударга бус хууль гаргачихлаа. Оюу Толгойн тогтоолыг гаргасан. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэх ажил нь хоцрогдолтой, цаг алдаж байна. Иймэрхүү асуудлууд шил шилээ даран гарч ирж байна. Энэ УИХ хаврын чуулганаар энэ том асуудлууд руу орж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Дараагийн УИХ-ыг хүлээнэ гэхээр маш их цаг алдана. Маш их боломж алдана. Их л эмзэг байна даа. Чадамжгүй УИХ сонгууль гээд дөрөвдүгээр сараас үндсэн ажлаа хийхгүй шүү дээ.
Жаахан л асуудал байсан бол намайг аль эрт “дүүжилчихсэн” байгаа
“Надад төрснөөсөө хойш эмэгтэй хүүхдийн үсийг зулгаасан ч болтугай асуудал байсан бол эд нар хийдэг газар нь хийчихсэн байгаа шүү”
- Нэр бүхий гурван гишүүний хөрөнгө үндэслэлгүйгээр нэмэгдсэн асуудалд таны нэр “орчихсон” байсан. Энэ асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэж, техникийн алдаа гарсан гэдэг тайлбарыг өгсөн шүү дээ. Үүн дээр албан ёсны тайлбарыг өгөөч?
- Би нөгөө хоёр гишүүний асуудлыг мэдэхгүй юм. Миний хөрөнгө үндэслэлгүй нэмэгдсэн асуудал байхгүй. Зарим нэг техникийн асуудал гарсан уу гэвэл тийм. Жишээ нь, Би байр зараад мөнгөө аваагүй байгаа. Тийм болохоор орлогод тусгаагүй. Зарчихсан гээд шилжсэн учраас намайг орлогоо тавиагүй байна гээд байгаа юм. Гэтэл би аваагүй орлогоо яаж тавих юм бэ. Мөн кредит картны асуудал байна. Кредит карт чинь банкин дээр зээлийн эрх нээдэг байхгүй юу. Түүнээс зээл авна гэсэн үг биш. Зээлийн эрхийг минь зээл гэж үзээд “Энэ зээлээ бүртгээгүй байна” гэсэн. Энэ бол зээлийн эрх болохоос би зээл авсан гэсэн үг биш юм аа. Энэ мэт техникийн инээдтэй асуудлууд гарсан. Би ямар аймаар “мафи”-тай үзэж байгаа билээ дээ. Жаахан л асуудалтай байсан бол намайг аль хэдийнэ “дүүжилчихсэн” байгаа. Сүүлийн 7-8 жилийн турш энэ мафитай хатуу үзэж байна. Надад үнэхээр төрснөөсөө хойш эмэгтэй хүүхдийн үсийг зулгаасан ч болтугай асуудал байсан бол эд нар хийдэг газар нь хийчихсэн байгаа шүү.
-Баярлалаа.