ХЗБХ: Үнэт металл, үнэт чулууны арилжаа, үл хөдлөх эд хөрөнгө зуучлал эрхэлдэг 6000 гаруй нэгжид СЗХ хяналт тавина
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ын ноднин 10 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар Монгол Улсыг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалтад оруулсан. Уг жагсаалтаас гарахын тулд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог нэн даруй сайжруулах шаардлагатайг зөвлөсөн юм.
Үүнтэй холбоотойгоор энэхүү хуулиудын төслийг яаралтай горимоор хэлэлцэж байгаа юм. Уг хуулийн төсөлтэй хамт Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад буй юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд нар Санхүүгийн зохицуулах хорооны бүтэц, хүний нөөцийг өргөжүүлэх боломж бий эсэхийг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас лавласан. Өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороо 144 ажилтантай бөгөөд банкнаас бусад санхүүгийн салбарын 3100 хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа юм.
Хэлэлцэж буй төсөлд үл хөдлөх хөрөнгийн зуучлал, алт, үнэт эдлэл арилжаалагчдын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг нэмэхээр тусгасан байна. Улсын бүртгэлийн байгууллагын мэдээллээр 6000 орчим үл хөдлөх хөрөнгийн зуучлал, алт үнэт эдлэл арилжаалагчдын үйл ажиллагаанд хяналт тавих шаардлагатай болж байгаа. Энэ оны улсын төсөвт Санхүүгийн зохицуулах хороонд 10 орон тоо нэмэхээр тусгасан байгааг ажлын багийн гишүүд онцлов.
Ингээд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.